
Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцын цацраг идэвхжилд бохирдсон усыг шүүж цэвэршүүлснээ өчигдрөөс Номхон Далай руу цутгаж эхэлсэн. Японы засгийн газрын шийдвэрээр баталгаажсан энэ үйл ажиллагааг эсэргүүцэж, бүс нутгийн зарим улс Японоос далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоох шийдвэр гаргаад байгаа.
Харин Япон болон Өмнөд Солонгосын эрх баригчид Фүкүшимагийн станцаас далай руу цутгаж байгаа усанд байгаль орчин болоод хүний биед хортой нэгдлийн хэмжээ маш бага, үзүүлэх нөлөө нь өчүүхэн гэсэн тайлбарыг өгсөөр байна.
Тодруулбал, Цацраг идэвхжилд бохирдсон усыг цэвэршүүлж Номхон далай руу цутгаж эхэлснээс хойш нэг хоног өнгөрөхөд одоогоор ямар нэгэн сөрөг нөлөө илрээгүй, ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж TEPCO буюу Токиогийн эрчим хүчний компаниас мэдээлсэн байна. Өчигдрийн байдлаар, Фүкүшима Дайчи станцад хуримтлагдсан цацраг идэвхжил бүхий усны хэмжээ 1,3 сая тоннд хүрээд байсан байна. Усыг далай руу юүлэх ажлыг төлөвлөсний дагуу эхлээгүй бол 2024 он гэхэд усыг агуулах нөөц боломж нь бүрэн шавхагдана гэсэн тооцоололтой байжээ.
Эндэх усанд одоо хэр нь агуулагдаж байгаа цацраг идэвхт тритий хэмээх бодисын хэмжээг, ДЭМБ-аас тогтоосон ундны усанд зөвшөөрөгдөх доод түвшний 7/1 болтол бууруулж чадсан. Өнгөрсөн сард Олон улсын Атомын энергийн агентлагаас Фүкүшима станцын цацраг идэвхт усан дахь тритийн агууламжийг хэмжээг олон улсын стандартыг хангасан зохист хэмжээнд байна гэдэг дүгнэлтээ танилцуулсан. Энэ нь ч Токиог цацраг идэвхжилээс ангижруулсан усаа далай руу цутгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд гол түлхэц болсон гэж тооцогдож байгаа.
Энэ зуур Японы засгийн газар японы далайн бүтээгдэхүүний импортод хязгаар тогтоосон Хятадын эрх баригчдад эсэргүүцэл илэрхийлсэн байна. Киодо агентлагийн мэдээгээр, Японы Гадаад хэргийн дэд сайд Кэнзи Ямада энэ эсэргүүцэл мэдэгдэлдээ, “ийм хязгаарлалт тогтоосон нь шинжлэх ухааны баримтад түшиглээгүй, тэр ч чанараараа хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм” гэж мэдэгджээ. Далай руу цацраг идэвхжилд бохирдсон ус цутгаж эхэлсэнтэй холбогдуулж Хятадын Гаалийн Ерөнхий газар өчигдрөөс буюу 8 сарын 24-нөөс эхлэн Японоос гаралтай далайн бүтээгдэхүүний импортыг бүрэн зогсоож байгаагаа мэдэгдсэн.
Хариуд нь Японы Ерөнхий сайд Фумио Кишида Хятадын эрх баригчдыг энэ хоригоо нэн даруй цуцлахыг уриалсан байна.
TEPCO: Фүкүшима АЦС-ын усыг далайд цутгах ажил төлөвлөгөө ёсоор хэвийн үргэлжилж байна | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.