Шууд Chart

Европын холбоонд тоон үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэллээ

2023-08-26 09:39:40

Европын холбоонд наймдугаар сарын 25-ны энэ өдрөөс Тоон үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлж байна. Европын албаныхны мэдээлж байгаагаар, тухай бүрдээ 45 саяас давсан хэрэглэгчтэй бүх томоохон нийгмийн сүлжээд, хайлтын системүүд энэ хуульд захирагдаж, бас тодорхой хэмжээний хураамжийг хяналтын байгууллагуудад төлдөг болж байгаа юм байна.

Тодруулбал, Фэйсбүүк, Инстаграмм зэрэг нийгмийн сүлжээний бүх томоохон платформ, Apple-ийн App Store, Google-ийн олон төрлийн үйлчилгээ гэхчлэн интернэтэд суурилсан бүх томоохон технологийн компани худал мэдээлэл түгэхээс сэргийлэх, тодорхой зарим хэрэглэгчийг хязгаарлах, хаах, мөн эрх бүхий байгууллага болон судлаачдад дотоод мэдээллээ хуваалцах зэрэг асуудал дээр Европын холбооны хэмжээнд энэхүү хуулийг дагаж мөрдөх ёстой болж байна.

Энэ хуулиар хүлээдэг болж байгаа шинэ тутам үүрэг хариуцлагуудад дасан зохицох хангалттай хугацаа онлайн платформууд болон хайлтын системүүдэд байсан гэж Дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн Европын комиссар Тьерри Бретон ярьжээ. Энэхүү хуулийн заалтуудыг зөрчих тохиолдолд жилийн нийт орлогынх нь 6 хүртэл хувиар торгох, давтан зөрчил гаргавал Европын Холбооны нутаг дэвсгэрт үйл ажиллагааг нь хориглох хүртэл арга хэмжээ авах заалттай байна.

Одоогийн байдлаар, энэ хуульд хамрагдах 19 олон нийтийн сүлжээ, хайлтын системүүд дунд Мета корпорацын эзэмшлийн Facebook, Instagram-аас гадна болон AliExpress, Amazon Store, AppStore, Bing, Google Maps, Google Play, LinkedIn, Pinterest, TikTok болон X  буюу хуучнаар Twitter Wikipedia, YouTube багтсан байна. Энэ жагсаалтад өөр бусад компаниудыг ч бас хамруулахаа Европын Холбооны төлөөлөгчид мэдэгдэж байгаа юм байна.

Хэрэглэгчийн аюулгүй байдал, хувийн нууцлал талаасаа ихээхэн ач холбогдолтой гэгдэж байгаа Европын Холбооны энэхүү шинэ хууль нөгөө талаар, хууль бус мэдээллийг хязгаарлах нэрийн дор эцэслэн нягтлалгүйгээр мэдээллийг хавтгайд нь хааж боох сөрөг үр нөлөө авчрах вий гэдэг дээр хууль эрх зүйн зарим шинжээчдийн зүгээс болгоомжлол илэрхийлдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоонд тоон үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй