
Турк улсын ерөнхийлөгч Тайип Эрдоган Хар тэнгисээр Украины үр тариаг зөөвөрлөх асуудлын талаар хэлэлцэхээр ОХУ-д удахгүй айлчилна гэдгийг Туркийн эрх баригч намын хэвлэлийн төлөөлөгч Даваа гарагт мэдээлсэн байна.
Өнгөрсөн онд НҮБ болон Турк улс хамтран Украины үр тариаг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор "Хар тэнгисийн үр тарианы санаачилга" хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байсан юм. Гэвч өнгөрсөн сард Москва энэ хэлэлцээрээс гарснаар санаачилга талаар болсонд тооцогдож байгаа. Тэгвэл Туркийн ерөнхийлөгч Москваг дахин ятгах зорилгоор ОХУ-д айлчлах гэж байгааг мэдэгдсэн байна.
Тодруулбал, Украины Одесс хотын боомтод дэлхийн олон улс орны хүнсний хэрэглээг хангах хэмжээний хэдэн арван сая тонн үр тарианы нөөц хуримтлагдаад байгаа юм. Тэдгээр үр тариаг тээвэрлэх боломж хумигдсанаар дэлхийн улс орнуудад хүнсний хомсдол нүүрлэх эрсдэл тулгарч байна. Энэ асуудлаар Туркийн ерөнхийлөгч Эрдоган ОХУ-ын Сочи хотод айлчилна гэж мэдээлсэн. Гэхдээ одоогоор түүний ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах тов хараахан гараагүй байна. Өнгөрөгч Баасан гарагт Кремль хоёр улсын тэргүүн нар удахгүй нүүр тулж уулзахаар тохирсон болохыг мэдээлсэн.
Үүний зэрэгцээ Эрдоганыг ирэх есдүгээр сард болох Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад очихын өмнө 9-р сарын 8-ны орчим Путинтай уулзаж магадгүй гэж бусад орны ажиглагчид таамаглаж байна. Туркийн тал харин энэ удаагийн айлчлалаар үр тарианы асуудалд ахиц дэвшил гарна гэж итгэж байгааг Туркийн эрх баригч намын хэвлэлийн төлөөлөгч илэрхийлсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч ОХУ-д үр тарианы асуудал хэлэлцэнэ | ||
Үзсэн: 508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.