
Европын холбоо 2030 он гэхэд эгнээгээ тэлж өргөжүүлэхэд бэлэн болсон байх ёстой гэдэг байр суурийг Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель илэрхийлж байна.
Европын холбооны гишүүн улсууд болоод шинээр гишүүнчлэх эрмэлзэлтэй улсууд аль аль нь үүнд бэлтгэлтэй байх ёстой, энэ ч үүднээс Холбооныхоо дараагийн үеийн стратеги төлөвлөгөөг боловсруулж, зорилгоо тодорхойлох учиртай гэдгийг тэрбээр тэмдэглэсэн байна.
Словений Блед хотод болж байгаа олон улсын стратегийн чуулга уулзалтын үеэр Холбоонд нь элсэхээр нэр дэвшигч улсуудын удирдагчдыг хүлээн авч уулзсан Европын Зөвлөлийн дарга, Орос, Украины хямралтай холбоотойгоор геополитикийн гүнзгий өөрчлөлтөд орж байгаа Европын хөгжлийн цаашдын төлөвийн талаарх байр сууриа илэрхийлжээ.
2022 онд Орос, Украины дайн эхэлсний дараагаас Европын холбоо Украин, Молдавыг эгнээндээ нэгтгэх орнуудын жагсаалтад оруулсан, үүнээс өмнө энэ жагсаалтад Босни Герцоговин багтсан. Үүнээс гадна албан ёсоор нэр дэвшигч орнууд болох Черногор, Серб, Умард Македони, Албани зэрэг Баруун Балканы бусад улстай харилцаагаа эрчимжүүлжээ.
Гүржийг мөн энэ жагсаалтад нэмж оруулах тал дээр асуудлыг нухацтай судалж байгаагаа мэдэгддэг.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон харин даваа гарагт Европын холбоо эгнээндээ шинэ улсууд элсүүлэхийг хүсч байгаа бол юун түрүүнд өөрөө шинэчлэгдэх ёстой, мөн гишүүн улсынхаа дэмжлэгийг авах ёстой. Энэ амаргүй зүйл гэдгийг мэдэгджээ.
Украин, Молдав улсуудын тухайд өнгөрөгч зургаадугаар сард Европын холбоонд нэр дэвшигч орны статустай болсон. Энэ хоёр улсыг гишүүнчлэх асуудлаар энэ оны 12 дугаар сараас өмнө хэлэлцээ явуулж эхлэх нь зүйтэй гэдэг байр суурийг Холбооны чамгүй олон улстөрчдийн зүгээс илэрхийлж буй юм байна.
Ийм яриа хэлэлцээ эхлүүлэхийг Европын холбооны гишүүн бүх улс дэмжсэн байх ёстой. Энэ асуудлаар гишүүн орнууд хэлэлцүүлэг өрнүүлж эхлэх төлөвтэй байна.
Блед хотод жил бүр болдог улстөр, эдийн засгийн энэхүү жил тутмын чуулга уулзалт бүс нутгийн яриа хэлэлцээний шинэ улирлын нээлт болдог уламжлалтай байна.
Шарль Мишель: Европын холбоо 2030 он гэхэд эгнээгээ тэлэхэд бэлэн болсон байх учиртай | ||
Үзсэн: 492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.