
Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли Бээжин хотноо өөрийн ижил зиндааны сайд Ван И болон Хятадын дэд дарга Хан Жэн нартай уулзжээ.
Тэрбээр сүүлийн таван жилд анх удаа Хятадад айлчлал хийж байгаа Их Британийн Гадаад яамны сайд болж байна.
Талууд өчигдөр Бээжинд яриа хэлэлцээ өрнүүлсэн байна. Их Британийн удирдагчдын зүгээс Хятад дахь хүний эрхийн зөрчлүүд, Орост дэмжлэг үзүүлдэг болон бусад зарим нэг асуудалд шүүмжлэлтэй хандаж ирсэн.
Жеймс Клеверли сайдын тухайд Их Британи, Хятадын санал зөрөлдөөнтэй байдаг болон Хятадын хүлээн зөвшөөрдөггүй асуудлуудыг “ойлгож мэдэж байгаа” гэдгээ илэрхийлсний дээр “дипломатын дүнд өөрчлөлт гарна” гэж итгэж байгаагаа хэлж байжээ.
Сайд Ван И Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын талаарх Хятадын бодлого үндсэндээ яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд чиглэдэг гэдгийг тэмдэглэж, гэхдээ энэ харилцаанд “зарим нэг асуудлууд” тулгарч байгааг дурдсан байна.
Их Британийн сайд хоёр талын харилцаа эерэг хандлагатай хэвээр байх нь дэлхий дахинд мөн ач холбогдолтой бөгөөд Хятад, Британийн ард түмнүүдийн аль алинд ийм өргөн боломж бий гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Мөн тэрбээр Бээжингээс тогтоосон үндэсний аюулгүй байдлын тухай хууль Хонконг дахь хүний эрх, эрх чөлөөний байдалд хохирол учруулж байгааг цохон тэмдэглэж, Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдлын асуудлыг мөн хөндөж тавьсан байна.
Мөн өдөр Британийн парламентын хороо Тайванийг “тусгаар улс” мэтээр авч үзсэн илтгэл нийтлүүлснийг Японы хэвлэлд дурджээ.
Хятадын Гадаад яамны төлөөлөгч энэ тухайд “тэд буруу зөвийг хольж хутгаж байна” гээд “Нэг Хятад” зарчмыг баримтлахыг уриалсан байна.
Тэрхүү илтгэлдээ Британийн парламентын гишүүд Ерөнхий сайд Риши Сунак болон түүний танхимыг Хятадын талаар нэгдмэл байр суурь дутмаг байгааг шүүмжилжээ.
Харин Жеймс Клеверли сайд Британи, Хятадын удирдагчид уур амьсгалын дулаарал зэрэг дэлхий нийтийн чанартай асуудлуудаар хамтран ажиллахаар зөвшилцсөнийг мэдэгдэж, “ажил хэргийн зарчимч, ухаалаг харилцаатай” байх нь чухал гэдгийг нэмж дурдсан байна.
Их Британийн Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилж байна | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.