Шууд Chart

Австралид уугуул иргэдийн эрхийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна

2023-08-31 14:24:28

Австрали улс уугуул иргэдийг хүлээн зөвшөөрч, үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ирэх 10 дугаар сарын 4-ний өдөр бүх нийтийн санал хураалт явуулахаар боллоо.

Санал хураалт амжилттай болох нөхцөлд уугуул иргэдийн эрхийг Австралийн үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч, тэдний төлөөлөл бүхий Холбооны засгийн газартай зөвлөлдөх зөвлөл бий болгох нөхцөл бүрдэх юм байна.

Санал асуулгын хуудас, парламентад төлөөллийг нь оруулах замаар Австралийн уугуул иргэдийн эрхийг хүлээн зөвшөөрөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу гэсэн нэг л асуулттай байх юм байна.

“Тийм” эсвэл “үгүй” гэсэн хоёр хувилбарын аль нэгээс сонгож үүнд хариулах боломжтой аж.

Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанез үүнийг “Хүн болгонд улс орноо нэгдмэл болгож, сайн сайхны төлөө өөрчлөлт гаргах ховор завшаан байх болно. Австрали хүн болгоныг саналаа өгөөсэй гэж би хүсч байна” гэж уриалжээ.

Австралийн иргэдийн дийлэнх олонх энэ өөрчлөлтийг дэмжвэл ногоон тивд 60 мянга гаруй жилийн турш суурьшин амьдарч байгаа аборигенчуудыг анх удаа Үндсэн хуулинд хүлээн зөвшөөрч, өөрсдийн эрх ашигт хамааралтай хуулиудаар тэд Засгийн газартай зөвшилцөх эрхтэй болох юм.

Үүний тулд уугуул иргэдийн төлөөллийг багтаасан тусгай байгууллага байгуулагдах юм. Энэ өөрчлөлтийг сайшаагчид үүний дүнд Австралийн аборигенчуудад тулгардаг тэгш бус байдалтай холбоотой асуудлууд шийдэгдэх ач холбогдолтой гэж мэдэгдэж байна.

Гэхдээ австраличуудын дунд үүний эсрэг дуу хоолой мөн хүчтэй байна. Дээрх өөрчлөлтийг эсэргүүцэгчид Австралийн иргэдийг арьс өнгөөр нь хуваан зааглаж, нэг нэгээс нь илүүд авч үзсэнээр Үндсэн хуулийг аюулд оруулна гэж үздэг байна.

Өөр зарим нэг хэсэг нь, тухайлбал аборигенчуудын өөрсдийнх нь нэг хэсэг Британийн 200 жилийн колоничлол, түүнээс хойш ч уугуул иргэдийн эрхийг боогдуулж ирсэн түүхийн үүднээс одоогийн өөрчлөлт хангалтгүй, тэд өнөө хэр хүн амын хамгийн ядуу давхаргад багтаж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ бүрэн авч чаддаггүй гэж мэдэгдэж байна.

Бараг 26 саяд хүрч байгаа Австралийн хүн амын 3.2 хувийг уугуул иргэд эзэлдэг байна. "Си-Эн-Эн"-ий мэдээлж байгаагаар, үндсэн хуульд дээр яригдаж байгаа өөрчлөлтийг оруулахын тулд нийт сонгогчдын 50-иас дээш хувийн дэмжлэг авахаас гадна энэ хувь 6 мужийн 4-т нь 50-иас доошгүй байх учиртай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралид уугуул иргэдийн эрхийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна   
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй