Шууд Chart

Их Британийн Батлан хамгаалахын сайдаар Грант Шеппсийг томилов

2023-09-01 13:49:02

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Батлан хамгаалахын сайдаа солилоо. Үүнээс өмнө Эрчим хүчний аюулгүй байдлын сайдын албыг хашиж байсан Грант Шеппсийг энэ албанд томилж байна.

Харин албаа хүлээлгэж өгсөн Бен Уоллесийн тухайд тэрбээр Британийэ Консерватив намын сүүлийн гурван ч танхимд дараалан нэг албаа тогтвортой хашсан цорын ганц сайд байжээ.

Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, 53 настай Бен Уоллес ажлаа өгөх төлөвлөгөөтэй байгаагаа зургаадугаар сарын дундуур Ерөнхий сайдад мэдэгдэж байсан байна.

Долоодугаар сард “Таймс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр парламентад дахин нэр дэвшихгүй, улстөрийг орхих бодолтой байгаа гэж ярьж байжээ.

Тэрчлэн өнгөрсөн зургаадугаар сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Бен Уоллес хэвлэлийн хурал дээр "Их Британи улс Украинд зэвсэг нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллага биш" гэсэн утгатай мэдэгдэл хийсний дараагаас түүнийг огцруулах яриа гарч эхэлсэн гэдэг яриа таамаг ч мөн зарим сэтгүүлчид дунд яригддаг байна.

Украинд дэмжлэг үзүүлэх, тэр дундаа хүнд зэвсэглэл нийлүүлэх тал дээр тууштай байр суурьтай Их Британи улсын Батлан хамгаалахын сайдын албыг хүлээж авч байгаа Шеппсийн тухайд сүүлийн жил хүрэхгүй хугацааны дотор Засгийн газрын тав дахь албан тушаалдаа томилогдож буй юм байна.

Мөн тэрбээр Дэвид Кэмерон, Борис Жонсон, Лиз Трасс нарын засагт орон сууц, нутгийн удирдлагын дэд сайд, тээврийн сайд, бизнесийн асуудал эрхэлсэн сайд зэрэг албыг хашиж байжээ.

Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сараас Эрчим хүчний аюулгүй байдлын сайдаар ажиллаж байсан байна.

Гуравдугаар Чарльз хаан энэ томилгоог сайшаан батламжилсан тухай Британийн Засгийн газрын сайтад мөн мэдээлсэн байна.

Энэ зуур Ерөнхий сайд Риши Сунак ийм халаа сэлгээ хийж байгаа нь ирэх оны сүүлчээр болох ёстой бүх нийтийн сонгуулийг угтаж танхимдаа нэлээд дорвитой өөрчлөлт хийх эхлэл байж мэдэхийг зарим тоймчид тэмдэглэж байна.

Сүүлийн 13 жилийн турш тасралтгүй засгийн эрх барьж, дөрвөн ч Ерөнхий сайдын нүүр үзсэн Консерватив нам дахин сонгогдохын тулд тун ч амаргүй гэж ажиглагч шүүмжлэгчид хэлдэг байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн Батлан хамгаалахын сайдаар Грант Шеппсийг томилов   
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй