Шууд Chart

Төв Африкийн Габон улсад цэргийн эргэлт гарчээ

2023-09-01 13:59:55

Төв Африкийн Габон улсад цэргийн эргэлт гарч, энэ улсын нөхцөл байдал олон улсын халуун сэдвийн нэг болоод байна.

Өнгөрөгч бямба гарагт Габонд болсон сонгуулийн дүнг хүчингүй болгож, Засгийн газрыг татан буулгаснаа цэргийнхэн наймдугаар сарын 30-нд зарласан байна.

Сүүлийн 50 гаруй жилийн туршид үе улиран засаглаж байгаа Ерөнхийлөгч Али Бонго Ондимбаг гурав дахиа улиран сонгогдсоны дараа ийм бослого үймээн дэгджээ.

Улмаар цэргийнхэн шилжилтийн үеийн төрийн тэргүүнээр армийн торгон цэргийн командлагч, генерал Брис Олиги Нгемаг томилсноо зарласан байна.

Ерөнхийлөгч Али Бонго Ондимбаг гэрийн хорионд оруулжээ. Нийгмийн сүлжээнд тавигдсан түүний Ерөнхийлөгчийн өргөөнөөс хийсэн бичлэг дээр тэрбээр эхнэр болон хүүгээсээ тусдаа байгаагаа, юу болоод байгааг ойлгохгүй байгаагаа ярьж, “Дэлхий даяар байгаа найз нөхдөдөө энэ бослогын талаар хэл чимээ дэгдээхийг” уриалжээ.

Бямба гарагт явагдсан бүх нийтийн сонгуулийн дүнгээр Ерөнхийлөгч Али Бонго сонгогчдын 60 гаруй хувийн санал авч, гурав дахь удаагаа улиран сонгогдсон дүнг тус улсын Сонгуулийн төв байгууллага зарлаад байжээ.

Энэ удаагийн бослого амжилт олбол Баруун болоод Төв Африкт 2020 оноос хойших 8 дахь төрийн эргэлт болохыг "Би-Би-Си" тэмдэглэсэн байна. Габоны тухайд хамгийн сүүлд 2019 онд засгийн эрхийг булаахыг завдсан ч бүтэлгүйтэж байжээ.

Одоогийн Ерөнхийлөгч Али Бонгогийн гэр бүл Габонд 1967 оноос хойш засгийн эрх барьж буй юм байна. Түүний эцэг Омар Бонго 40 гаруй жил Ерөнхийлөгчийн алба хашиж, тэр хугацаандаа нэг бус удаа авлигын хэрэгт холбогдож байсныг өрнөдийн хэвлэлүүд мөн сануулжээ.

Олон улсын зүгээс Габон дахь нөхцөл байдалтай холбогдуулж сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна. НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш цэргийн эргэлт хийх оролдлогыг зэмлэн буруушааж, талуудыг хүлээц тэвчээртэй байж, үр дүнтэй яриа хэлэлцээ хийхэд уриалжээ.

Африкийн холбооны зүгээс Габон улсад үүссэн нөхцөл байдалд ихээхэн сэтгэл түгшиж байгаагаа мэдэгдэж, сонгуулийн дараах хямралыг ийм аргаар шийдвэрлэхийг оролдож байгааг буруутгаад, улстөрийн арга шийдлийг эрхэмлэхийг цэргийнхэнд уриалсан байна.

Хуучин Францын колони байсан энэ улсын байдалтай холбогдуулж Францын Ерөнхий сайд Элизабет Борн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэж мэдэгдсэн бол, түүний Засгийн газрын төлөөлөгч бослогыг зэмлэн буруушааж, Франц улс сонгуулийн албан ёсны дүнд хүндэтгэлтэй хандах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг мэдэгджээ.

Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеф Боррель Габоны байдлыг өнгөрсөн сард бослогод өртсөн бүс нутгийн өөр нэг улс Нижерийнхтэй адилтган авч үзсэн байна.

Мөн тэрээр “Цэргийн эргэлт үнэндээ гарц шийдэл биш. Гэвч Габон дахь сонгууль маш их будлиан зөрчилтэй явагдсаныг бид мартаж болохгүй” гэж ярьсан байна.

Бас Европын холбооны иргэдийг тус улсаас нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө одоогоор байхгүй байгааг мэдэгджээ.

Хуучин Францын колони байсан Африкийн орнуудаас сүүлийн хоёр сарын дотор цэргийн эргэлтэд өртөж байгаа Францын хоёр дахь улс нь Габон болж байгаа бол, сүүлийн 3 жилд ийм хямралтай нүүр тулж байгаа 6 дахь улс нь болж байна. Үүнээс өмнө Мали, Чад, Гвиней, Буркина-Фасо, мөн ердөө саяхан Нижер улсад цэргийн эргэлт гараад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв Африкийн Габон улсад цэргийн эргэлт гарчээ  
Үзсэн: 1416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-01 21:27
кивигийн хар намуунаа золбин гичий
Зочин [127.0.0.xxx] 2023-09-01 21:26
кивигийн хар намуунаагийн аав ах дүү нь байгаа шдэ энэ улсад
Unshigtd [127.0.0.xxx] 2023-09-01 17:39
Ee yanaa end neg mongol xuuxen xuuxedteigee amidardag

Бидэнтэй нэгдээрэй