
ОХУ-ын зүгээс Умард Солонгос болон Хятад улстай хамтарсан цэргийн сургуулилалт явуулах санал тавьсан байж болзошгүй талаар Өмнөд Солонгосын "Ёнхап" агентлаг өөрийн улсын Тагнуулын албаны мэдээлэлд тулгуурлан уламжилсан байна.
Гурван тал хамтарсан цэргийн сургуулилалтын саналыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Пхеньянд айлчлах үеэрээ тавьсан гэсэн таамгийг Өмнөд Солонгосын тал дэвшүүлж байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Тагнуулын алба энэ талаар Үндэсний Ассемблейн хурал дээр мэдээлжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Солонгосын дайны 70 жилийн ойн үеэр БНАСАУ-д айлчилсан. Тус айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын хоригт өртсөн Умардын баллистик пуужингийн үзэсгэлэнгээр зочилсон тухай Умард Солонгосын төв телевизээр мэдээлж байсан юм.
Тэгвэл тухайн айлчлалынхаа үеэр Сергей Шойгу Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд Хятадтай хамтарсан гурван талт цэргийн сургуулилалт хийх санал тавьсан гэж "Ёнхап" мэдээлсэн байна. Гэхдээ сургуулилалтын талаарх нарийн мэдээлэл одоогоор гараагүй байгаа гэжээ.
Сүүлийн үед Орос болон Умард Солонгосыг цэрэг батлан хамгаалахын салбарт ойр харилцаатай байгаа гэсэн мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархах болсон.
АНУ-ын Цагаан ордны зүгээс мөн Сергей Шойгуг өнгөрсөн сард БНАСАУ-д айлчлахдаа зэвсэг худалдаж авах санал тавьсан гэж мэдээлж байсан юм.
Умард Солонгос харин энэ тухайд ОХУ-тай хамтран зэвсэглэлээр хөөцөлдсөн ямарваа нэг асуудал байхгүй гэж мэдэгджээ.
Умардын хувьд бүс нутагтаа хөрш орнуудтайгаа хамтарсан цэргийн сургуулилалт тэр бүр явуулдаггүй. Тэгвэл энэ удаа Умард Солонгос, Орос, Хятадын хамтарсан цэргийн сургуулилалт хийж магадгүй гэдэг тухайд ОХУ-аас БНАСАУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайд Александр Мацегора бүс нутагт бусад эвслийн цэргийн сургуулилалт эрчимжсэн тул энэ гурван улс хамтарсан сургуулилалт явуулахад болохгүй зүйл байхгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Энэ жил Ази-Номхон далайн бүс нутагт АНУ-Япон-БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт эрчимжиж байгааг тэрбээр мэдэгдэлдээ онцолсон байна.
ЁНХАП: ОХУ БНАСАУ-д цэргийн хамтарсан сургуулилалтын санал тавьсан байж магадгүй | ||
Үзсэн: 438 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.