
Зүүн Өмнөд Азийн улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага-АСЕАН-ы жилийн хоёрдугаар хагасын хурал өнөөдөр Индонезийн Жакартад эхэлж байна.
Есдүгээр сарын 7-ныг дуустал үргэлжлэх энэ хуралд АСЕАН-ы гишүүн 10 орноос гадна ажиглагч орнуудын төлөөлөл оролцож байна.
Чуулганыг даргалагч Индонезийн Гадаад хэргийн сайд Бүс нутагт Мьянмарын цэргийн дэглэм, Өмнөд Хятадын тэнгисийн харьяаллын маргаантай асуудлууд зэрэг олон сэдвийн хүрээнд чуулган өрнөхийг мэдээлсэн байна.
Бүс нутгийн орнуудын санааг хамгийн их зовоож байгаа, мөн АСЕАН-ыг хамгийн их хагаралдуулж байгаа асуудал бол Мьянмарын улс төрийн хямрал гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Мьянмарт цэргийн эргэлт гарч, Аун Сан Су Чи тэргүүтэй улс төрийн зүтгэлтнүүдийг шоронд хорьж, ард түмний дунд дарангуйллын засаглалыг бий болгож байгааг бүсийн орнууд төдийгүй хөндлөнгийн ажиглагч орнууд ч санаа зовнин анхаарч байгаа юм.
Хэрвээ Мьянмарын асуудлыг шийдэхгүй бол АСЕАН-тай харилцах Европыг холбооны харилцаанд сэв сууна гэж Европын холбооны зүгээс анхааруулж байсан.
Мьянмарын асуудлыг шийдэхийн тулд АСЕАН-аас энхийн замаар асуудлыг шийдэх таван бүлэгт төлөвлөгөөг гаргасан ч Мьянмарын цэргийн удирдагчид хүлээж аваагүй юм. Үүнээс үүдэлтэй Мьянмар улсын одоогийн цэргийн удирдагчдыг АСЕАН-ын 43 дахь удаагийн хуралд оролцуулахгүй гэж хориглосон.
АСЕАН нь хэдийгээр батлан хамгаалахын хамтын ажиллагааны байгууллага биш боловч бүс нутгийн интеграцын байгууллага учир бүсийн асуудлыг шийдэх уян хатан бодлого баримтлах ёстой байсан гэж олон улсын ажиглагч үзэж байгаа юм.
Индонез улсын Гадаад харилцааны сайд бүс нутагтаа тулгарч байгаа асуудлыг анхааралдаа авч, бусад Гадаад харилцааны сайд нарт хандаж “Дэлхийн улс орнууд АСЕАН дээр анхаарал хандуулж байна. Энэ цаг үед эв нэгдэлтэй байж, АСЕАН бол олон улсын чухал тоглогч гэсэн байр сууриа батлан харуулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Мөн түүнчлэн бүс нутагт нөлөө нь эрчимтэй нэмэгдэж байгаа БНХАУ-ын нөлөөлөл, Өмнөд Хятадын тэнгис дэх асуудлын талаар хурлын үеэр авч хэлэлцэхээр төлөвлөж байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх эргийн хамгаалалтын онгоцны тоогоо нэмж, усан хилээр зэрэгцэн оршдог Вьетнам, Филиппин, Бруней, Малайз улсуудын бүрэн эрхэд байдаг усан хил, арлуудыг өөрийнх гэж өмчилж, усан онгоцонд нь саад хийх нь нэмэгдэх болсон. Үүн дээр Вьетнам, Филиппин, Бруней, Малайз улсууд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, БНХАУ-тай байгуулж байсан Өмнөд Хятадын тэнгис дэх ёсзүйн дүрмийн баталгааг хангахыг АСЕАН-ы 43 дахь удаагийн хурлаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна.
АСЕАН-ы жил тутмын чуулган өнөөдөр эхэлж байна | ||
Үзсэн: 584 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.