Шууд Chart

БНХАУ Энэтхэг улстай тогтвортой харилцаатай хэвээр байгааг мэдэгдэв

2023-09-06 11:55:59

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт болох "Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалт"-д оролцохгүй, түүнийг орлож, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян оролцоно гэж даваа гарагт мэдээлж байсан.

Тэгвэл үүнтэй холбоотой Хятадын байр суурийг илэрхийлэхээр Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт хэвлэлийн бага хурал хийлээ.

Түүнчлэн Хорийн бүлгээс гадна Солонгосын хойгийн асуудлаарх Хятадын байр суурийг мөн илэрхийлсэн байна.

Ши Жиньпин Энэтхэг улсын Шинэ Делид есдүгээр сарын 9, 10-нд болох Хорийн бүлгийн дээд хэмжээний хуралд оролцохгүй байж магадгүй талаар өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхэлсэн. Хэдийгээр Ши Жиньпин өөрийн биеэр Хорийн бүлгийн уулзалтад оролцохгүй гэсэн ч энэ жилийн уулзалтыг даргалж байгаа Энэтхэг улсыг бүх талаар дэмжсээр байх болно гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Хоёр улс хилийн маргаантай асуудлаас болж сүүлийн жилүүдэд тогтворгүй харилцаатай байсан ч харилцаагаа зөөлрүүлж, тогтвортой хамтарч ажилласаар байхын тулд Хятадын зүгээс хичээл зүтгэл гаргана гэж мэдэгдсэн байна.

Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Мао Нин үүнээс гадна Солонгосын хойгийн асуудлаарх Хятадын байр суурийг илэрхийллээ.

Саяхан БНСУ-ын Ерөнхийлөгч Юүн Сог Ёл "Ассошиэйтед пресс" агентлагт өгсөн ярилцлагадаа Хятад улсыг Умард Солонгосын цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаа асуудал дээр хойш сууж байна, Умардын цөмийн зэвсгийг бууруулахын тулд бүс нутгийн том гүрний хувиар хүчин чармайлт гаргах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

Энэ тухайд Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ "Солонгосын хойгт өсөн нэмэгдэж буй зэвсэглэлийн асуудлыг яриа хэлэлцээний аргаар, энхийн замаар шийдвэрлэх сонирхолтой. Тийм ч гадаад бодлогын үүднээс хөрш Умард Солонгостой харилцаж ирсэн" гэдгийг онцолсон байна.

Үүнтэй холбогдуулан АНУ зэрэг орнууд Солонгосын хойгийн асуудал дээр хориг арга хэмжээ зэрэг хатуу арга хэрэглэх бус яриа хэлэлцээний замыг сонгохыг уриалж байна гэж мэдэгдэлд дурдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Энэтхэг улстай тогтвортой харилцаатай хэвээр байгааг мэдэгдэв  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй