
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Киевт айлчлах үеэрээ Украинд нэмэлтээр нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсныг зарлажээ.
Тэрээр лхагва гарагт Украинд урьдчилж зарлалгүй гэнэтийн айлчлалаар очсон юм байна.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Украинд буусныхаа дараа дайнд үрэгдсэн цэргүүдэд хүндэтгэл үзүүлэхээр дурсгалын цогцолборт очсон байна.
Дараа нь Ерөнхийлөгч Володимир Зеленский болон бусад удирдлагатай нь уулзжээ. Энэ үеэрээ Э.Блинкен Украины агаараас хамгаалах систем болон бусад чиглэлд дэмжлэг үзүүлэхэд нэг тэрбум гаруй долларын цэргийн шинэ багц тусламж олгохоор болсныг зарласан байна.
Тэрбээр Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “Украины явуулж байгаа сөрөг давшилт сүүлийн хэдэн долоо хоногт хурдасч байна. Энэ хурдцыг хадгалж, улам ахиулахад манай шинэ тусламж тус болох болно” гэж хэлжээ.
Э.Блинкений зарласан шинэ тусламжийг өмнө нь Конгрессоор батлагдсан мөнгөнөөс олгох юм байна. Аюулгүй байдлын салбар дахь шинэ багц тусламжид "Хаймарс" пуужингийн систем, "Жавелин" танк эсэргүүцэх пуужингийн төхөөрөмж, "Абрамс" танкууд болон бусад зэвсэглэл багтсан гэж Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдэгдсэн байна.
Харин Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ тухайд "Киевт үзүүлж байгаа Америкийн тусламж ОХУ-ын явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны үйл явцад нөлөөлөхгүй"гэж мэдэгджээ.
Э.Блинкений айлчлал тэрчлэн, Украины Дээд Радын депутатууд Ерөнхийлөгч Володимир Зеленскийн нэр дэвшүүлсэн Рустем Умеровыг Батлан хамгаалахын шинэ сайдад баталсантай давхцсан байна. Э.Блинкений энэ айлчлал энэ сарын сүүлчээр болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулгантай цаг хугацааны хувьд ойр болж байгаа нь олзуурхууштай хэрэг гэж Э.Блинкений хамтаар Украинд очсон Төрийн департаментын албан тушаалтан онцолжээ.
Харин Украины сөрөг довтолгооны талаар шүүмжлэнгүй байр суурьтай байсан АНУ-ын зарим албанынхан Э.Блинкений айлчлалын ачаар сөрөг довтолгооны явцтай танилцах боломж олдож байна гэсэн байр суурьтай байгаа юм байна.
Э.Блинкен: АНУ Украинд нэг тэрбум ам.долларын шинэ багц тусламж үзүүлнэ | ||
Үзсэн: 519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.