
Энэтхэгийн нийслэл Шинэ Делид өнөөдөр Хорийн бүлгийн 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт эхэлнэ.
Есдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд чуулах энэ дээд хэмжээний уулзалтын гол үзэл санааг Энэтхэг улс “Эрх тэгш өсөлт хөгжил, хамтын ирээдүйг чухалчлахад оршино” гэж тодорхойлсон.
Уур амьсгалын өөрчлөлт, өрийн асуудал, үндэстэн дамнасан корпорациудад ногдуулах татвар, мөнгөн тэмдэгтийн зохицуулалт болоод эрчим хүчний аюулгүй, тогтвортой байдал, геополитикийн хямрал зэрэг олон сэдвийн хүрээнд Хорийн бүлгийн удирдагчид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Энэ хоёр өдөр Энэтхэгийн нийслэлд дэлхийн бүх хүчирхэг улс гүрнүүдийн удирдагчид хуран чуулна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Сангийн сайд Жанет Йеллен нар энэ уулзалтад Дэлхийн банк, ОУВС-гийн үйл ажиллагааг хөгжиж байгаа орнуудад илүүтэй хүрдэг болгож шинэчлэх Вашингтоны хүчин чармайлтыг ахиулах зорилготой очсон байна.
Энэ жилийн Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг даргалагчийн хувиар Энэтхэгийн Ерөнхий сайд хоёр талын 15-аас доошгүй уулзалт хийх тов гарч байгаа юм байна. Нийт 19 улс, нэг Холбоо буюу Европын Холбоог өөртөө нэгтгэсэн Хорийн бүлэг дэлхийн нийт эдийн засгийн 85 хувийг хамтдаа бүрдүүлж, мөн нийт худалдааны 75 хувийг эзэлдэг, мөн дэлхийн бүх хүн амын гуравны хоёр нь энэ бүлэгт оногддог.
Энэ ч үүднээсээ Хорийн бүлэг өөрт нь багтдаггүй улс орнуудын өмнөөс хариуцлага үүрэх ёстой гэдэг байр суурийг Энэтхэгийн зүгээс тууштай илэрхийлж, тэр хэрээрээ хөгжиж байгаа орнуудын төлөөлөл гэдэг үүднээс асуудалд хандаж байгаагаа харуулахыг чармайж байна.
Мөн энэ удаагийн уулзалтаараа Хорийн бүлгийн удирдагчид дэлхий нийтэд тулгамдсан гол чухал асуудлуудаар нэгдмэл байр сууриа нотолж хамтарсан тунхаг баталж чадах эсэх нь нэлээд анхаарал татаж байна.
Амин чухал олон асуудлаар хуваагдмал байр суурьтай, тэр дундаа Украины дайны сэдэв хамгийн халуун сэдвийн нэг хэвээр байгаа үед хамтарсан тунхаг батлах тун амаргүй сорилт байхыг улстөрийн шинжээч, ажиглагчид тэмдэглэж байна.
Хорийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын болон Сангийн сайд нарын уулзалт үүнээс өмнө хамтарсан тунхаг баталж чадалгүй өндөрлөсөн.
Энэ удаагийн дээд уулзалтад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүй, мөн Хятадын дарга Ши Жиньпин анх удаа очихгүй алгасч байна.
Владимир Путины оронд Гадаад яамны сайд Сергей Лавров очих бол, Хятад улсыг Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянь төлөөлнө.
Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Шинэ Делид эхэлнэ | ||
Үзсэн: 447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.