
Өнгөрсөн баасан гарагт Марокко улсын Марракеш хотын ойролцоо 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 2100 гаруй хүн амь эрсэджээ.
Аврах багийнхны хэлж байгаагаар энэ тоо цаашид өсөх өндөр магадлалтай байгаа юм. Газар хөдөлсөн бүс нь алслагдмал уулархаг нутаг тул аврах багийнхан хүрч очиход бэрхшээлтэй байна гэдгийг мөн тайлбарлаж байна.
Газар хөдлөлтөд өртсөн уулархаг бүсийн иргэд нутаг буцахаас бэргэж хоёр дахь хоногтоо Марракеш хотод ил задгай хоноглож буй юм байна.
Аврах багийнхны мэдээлж байгаагаар газар хөтлөлтөд өртсөн тосгодын дийлэнх хувь нь эвдрэл сүйдэлд ихээр өртсөн тул иргэдийг аврахад бэрхшээлтэй байгаа юм байна.
Марокко улсын хаан 6-р Мухаммед үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарласан байна. Мөн түүний зарлигаар ням гарагт бүх сүм, хийдэд гашуудлын мөргөл үйлджээ.
Амь үрэгдсэн хүмүүсээс гадна гэмтэж, бэртсэн хүний тоо 2400-г давсан байна. Тэднээс наанадаж 1400 нь хүнд бэртсэн гэж аврах багийнхан мэдээлжээ.
Аврах ажиллагаанд цэрэг, цагдаагийнхан чухал үүрэгтэй оролцож буй юм байна. Тэд мөн хохирогчдыг эрэн хайхаас гадна орон гэр нь сүйдсэн хүмүүст ундны цэвэр ус, хоол хүнс, майхан, хөнжил тараан ажиллаж байна.
Мөн Мароккогийн хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид цусаа хандивлажээ.
Олон улсын тусламжийн хувьд Мароккотой хөрш боловч тааламжгүй харилцаатай байж ирсэн Алжир улс тусламжийн гараа сунгажээ. АНУ, Франц, Испани, Итали, Израил зэрэг улс мөн тусламж илгээсэн байна.
Хамгийн сүүлд 2004 онд Марокко улсын хойд хязгаарын боомт хотод 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 630 хүн амь эрсэдсэн байдаг.
Тэгвэл энэ удаагийн газар хөдлөлт Маррокогийн 21-р зууны түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна.
Харин сүүлийн 100 жилийн хугацаанд хамгийн хүчтэй, хамгийн их хохирол учруулсан газар хөдлөлт нь 1960 онд баруун хязгаарын Агадир хотын ойролцоо болж байсан байна.
Тухайн газар хөдлөлтийн уршгаар 12 мянга гаруй хүн нас барсан гэсэн тоо баримт байдаг.
Мароккод болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 2122-д хүрчээ | ||
Үзсэн: 443 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.