
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн ням гарагт Оросын зүг галт тэргээр хөдөлсөн гэдгийг Умардын телевиз мэдээлж байсан.
Ким Жон Уны суусан галт тэрэг өчигдөр өглөө Оросын хилээр нэвтэрч, орой нь гэхэд Хасан хотын галт тэрэгний буудалд очжээ.
Умардын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй өндөр дээд хэмжээнд уулзаж, хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын нөхцөл байдлын талаар ярилцана гэж Кремлийн зүгээс мэдэгдсэн байна.
Тэрбээр 2019 оноос хойш анх удаа ОХУ-д айлчилж байгаа нь энэ юм.
Ким Жон Уныг Хасан хотын галт тэрэгний буудалд буудаллах үед ОХУ-ын Байгаль орчны сайд Александр Козлов угтаж авсан байна.
Тэд Хасан хотноо албан уулзалт хийж, энэ ондоо аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцсон гэж мэдээлжээ.
Тэгвэл Ким Жон Ун Ерөнхийлөгч Владимир Путинтэй яг хаана уулзах нь хараахандаа тодорхой болоогүй байна.
Ажиглагчдын таамаглаж байгаагаар Ким Жон Ун болон Владимир Путин нар Владивосток хотноо уулзаж магадгүй. 2019 онд хамгийн сүүлд хоёр орны тэргүүн энэ хотод уулзаж байсан юм.
Мөн Ерөнхийлөгч Владимир Путин Владивостокт Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа юм байна.
Гэхдээ Оросын РИА-Новости агентлагийн сүүлд мэдээлснээр Умардын удирдагч галт тэргээр Владивостокоос холдон явж байна гэж мэдээлсэн байна. Зарим ажиглагч, хоёр удирдагчийг Оросын Алс Дорнодын Хятадтай хиллэдэг бүс дэх Восточный сансрын буудал дээр уулзаж магадгүй гэж мөн таамаглаж байгаа юм байна.
Владимир Путиныг тус сансрын буудал руу очих төлөвлөгөөтэй байгаа гэж урьд нь мэдэгдэж байсан. Гэхдээ тэнд Ким Жон Унтай уулзах эсэх нь хараахан батлагдаагүй байна.
Хоёр удирдагч нүүр тулж уулзан, сансрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ гэж хоёр талын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн. Харин энэ уулзалтыг хөндлөнгөөс ажиглаж байгаа орнуудын нэг болох АНУ-ын зүгээс хоёр удирдагчийг зэвсгийн худалдаагаа идэвхжүүлэх тал дээр яриа хэлцэл өрнүүлэх болов уу гэсэн байр суурь илэрхийлж байна.
АНУ-ын БХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Жон Көрбигийн мэдэгдсэнээр Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу сүүлд Умардад айлчлахдаа Пхеньяныг Орост зэвсэг нийлүүлэхийг ятгасан байж болзошгүй гэсэн мэдээлэл тархаад байсан.
Энэ мэдээллийг Орос болон Умардын талуудын аль аль нь үгүйсгэсэн юм.
БНАСАУ, ОХУ-ын удирдагчид Алс Дорнодод бүрэн хэмжээний уулзалт хэлэлцээ хийхээр төлөвлөж байна | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.