
АНУ-ын Конгрессын дээд танхим буюу Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд найрамдах намын Кевин Маккарти Ерөнхийлөгч Жозеф Байденд итгэл үзүүлэх эсэх мөрдөн шалгалт явуулахыг Төлөөлөгчдийн танхимын хороодод даалгасан байна.
Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгч Жо Байденыг дэд ерөнхийлөгч байх үедээ албан тушаалаа ашиглан хүүгийнхээ Украин болон бусад улс дахь бизнест хууль бусаар оролцсон гэж үзэж, итгэл үзүүлэх эсэх санал хураахыг шаардаж байгаа юм.
Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгч Жо Байдены хууль бус үйлдлийн талаар ноцтой баримт нотолгоо олсон, эдгээр баримт нь Ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашигласан, саад тотгор учруулсан, авлига өгснийг нотолж байгаа гэж Төлөөлөгчдийн танхимын дарга мэдэгджээ.
Мөн тэрбээр Ерөнхийлөгч Жо Байденыг энэхүү мөрдөн шалгах үйл ажиллагаанд хамтран ажиллахыг уриалжээ.
Ерөнхийлөгч асан Дональд Трамп ирэх оны намар болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Бүгд найрамдах намынхан дундаа дэмжлэг сайтай байгаа. Гэхдээ Трампыг дөрвөн зүйл ангиар буруутгаж, Байдентай холбоотой авлигын хэргийг шалгахыг уриалсан дуу хоолой нам доторх консерватив хатуу чиг шугам баримтлагчдын дунд нэмэгдсэн байна.
Бүгд найрамдах намынханд Ерөнхийлөгчийг хууль бус үйлдэл хийсэн гэх ямар ч нотолгоо байхгүй, итгэл үзүүлэх эсэх санал хураах үйл явцыг эхлүүлэх зорилготой мөрдөн шалгалт явуулна гэдэг нь хэт туйлширсан улс төр гэж Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Импичмент буюу итгэл үзүүлэх эсэх мөрдөн шалгалт явуулна гэдэг нь АНУ-ын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч болон холбооны Засгийн газрын бусад өндөр албан тушаалтныг эх орноосоо урвасан, хээл хахууль авсан болон бусад гэмт хэрэг зөрчил гаргасан хэргээр огцруулах эрхийг Конгресст олгох үйл явцыг хэлдэг.
Энэ үйл явц нь гүйцэтгэх эрх мэдлийг шалгах зорилготой, бүр цаашлаад албан тушаалаас нь огцруулахад хүргэдэг юм.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Жо Байденд итгэл үзүүлэх эсэх мөрдөн шалгалт явуулж магадгүй | ||
Үзсэн: 604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.