Шууд Chart

Ливи улсад аврах ажиллагаа ложистикийн болон улс төрийн хориг саадтай тулгарч байна

2023-09-14 10:46:44

Ливи улсын зүүн бүс нутагт болсон үер усны гамшигт амиа алдсан хүний тоо 6000-д хүрсэн байна.

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлснээр Ливийн зүүн бүс нутгийн дөрвөн хотод нийтдээ 10 мянган хүн сураггүй болжээ.

Өнөөдрийн байдлаар Ливи улс баруун, зүүн гэсэн хоёр Засгийн газартай, хуваагдмал байдалд, олон жилийн зэвсэгт мөргөлдөөний хөлд дэд бүтэц нь ихээхэн сүйдсэн.

Иймээс гамшгийн үеийн аврах ажиллагаа ложистикийн болоод улс төрийн хориг саадтай тулгарч байгаа юм байна.

Ливи улсад өнгөрсөн даваа гарагт аадар бороо, далайн шуурганы улмаас үер усны гамшиг нүүрлэсэн. Тус улсын зүүн бүс нутгийн Дерна болон бусад хотуудад орон сууцны олон арван байшин барилга нурж сүйдсэн байна.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр зөвхөн Дерна хотод л гэхэд үерийн ус дайрсан бүсэд орон сууцны хорооллууд бүхэлдээ урссан, барагцаа тоогоор үерт амиа алдсан хүний тоо 5000 давсан юм байна.

Тус хотын хоёр далан сэтэрснээс болж Дерна хот болон эргэн тойрны бүс нутаг руу үерийн ус орж, их хэмжээний хохирол учруулжээ. Ливид улс төрийн хямрал олон жил үргэлжилснээс болж дэд бүтэц нь ихээхэн мууджээ.

Гамшгийн бүс нутгуудад зам харгуй сүйдэж, харилцаа холбооны шугам тасарснаас аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаагаас хохирогчийн тоо өсөж магадгүй байна.

Иймээс олон улсын Улаан хавирган сар байгууллага Ливид боломжтой бүх зүйлээр тусламж үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна.

Ливи улс одоогоор улс төрийн өөр, өөр хүчнүүдийн хяналтад орж, зүүн, баруун гэсэн хоёр хэсэгт хуваагдсан байгаа юм. Улс төрийн энэ хуваагдлаас болж гамшгийн хохирлыг үнэлэх, аврах ажиллагаа явуулах, тусламж хүргэх зэрэгт илүү их хүндрэл учирч болзошгүй гэж олон улсын хүрээнд болгоомжилж байна.

Баруун бүсийн буюу Трипольд төвтэй Засгийн газрын тэргүүн хохирогчдын тоог яаран зарлахгүй байхыг иргэддээ уриалж, нэн тэргүүнд далайгаас хохирогчдын цогцсыг гаргахад олон улсын тусламж хэрэгтэй байгааг мэдэгджээ.

Мөн Зүүн бүсийн Бенгази руу эм, эмнэлэгийн хэрэгслийн тусламж болон эмч эмнэлгийн ажилтнаа онгоцоор илгээж байгаа юм байна. Одоогоор Дерна хот болон бусад хотуудыг сэргээн босгоход 412 сая америк доллар шаардлагатай гэж урьдчилан тооцсон байна.

Өчигдрийн байдлаар Египет, Турк, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсуудаас хүмүүнлэгийн тусламж болон аврах ажиллагааны баг бүрэлдэхүүнээ Бенгазид буулгасан байна. Гэхдээ тусламжийг Бенгазигаас зүүн зүгт 250 км-ийн зайд орших гамшгийн бүс рүү хэрхэн богино хугацаанд хүргэх вэ гэдэг нь тодорхойгүй байна гэж тусламжийн ажилтан мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ливи улсад аврах ажиллагаа ложистикийн болон улс төрийн хориг саадтай тулгарч байна   
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй