Шууд Chart

Ливид үер усны гамшигт өртсөн бүсэд аврах, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

2023-09-18 15:08:27

Хойд Африкийн Ливи улсын зүүн бүс нутагт өнгөрсөн даваа гарагт далайн шуурга, түүнийг дагасан аадар борооны улмаас үер усны гамшиг нүүрлээд байна. Гамшгийн хор хохирлыг бүхэлд нь хараахан тооцоолж гаргаагүй байгаа ч Ливийн улаан загалмайн нийгэмлэг урьдчилсан байдлаар 13 мянга гаруй хүн амь насаа алдаж, 10 гаруй мянган хүн сураггүй болсон гэж мэдээлж байна. Гамшгийн улмаас Зүүн бүсийн Дерна болон бусад хотуудад зам дэд бүтэц усанд автаж, харилцаа холбооны шугам тасарснаас үүдэн аврах эрэн хайх ажиллагаа хүнд нөхцөлд, олон улсын тусламжтайгаар явуулж байна. Мөн гамшгийн бүсэд тусламж хүргэх үйл ажиллагаа хүнд нөхцөл байдалд дунд болж байна. Африк тивийн түүхэнд байгаагүй энэ үер хотын далангууд нурснаас үүдэлтэй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.   



Газар дундын тэнгисийн Данейл далайн шуурга Ливи улсын зүүн бүс нутгийг хамарч хотуудын зарим дүүрэг бараг бүхэлдээ далай руу урсаад орчихсон мэт дүр зурагтай байна. Эдгээрээс 100 мянган хүнтэй Дерна хотод хоёр том далан нурсан нь хотын дөрөвний нэгийг урсгасан байна. Тус хотоос гэхэд 30 гаруй мянган хүн гэр орноо орхин дүрвэсэн байна.  Уг хотыг гамшгийн бүс гээд зарлачихсан, цахилгаан, харилцаа холбоог тасалж, хотыг халдварт өвчин тархахаас сэргийлэх зорилгоор түр хугацаанд хаахаар хэлэлцэж байгаа юм байна. Ливийн ерөнхий прокурор далангууд нурсан шалтгаан, үер уснаас сэргийлэх боломж байсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгалт эхлүүлсэн байна. Үүнээс гадна Ливийн цаг уурын хүрээлэн гамшгийн эрсдэлийг сайтар тооцоолсон бол ийм их хохиролтой гамшгаас урьдчилан сэргийлэх боломж байсан гэж Дэлхийн цаг уурын хүрээлэнгээс мэдэгдсэн байна.

НҮБ гамшигт нэрвэгдсэн Ливийн ард түмэнд нэн яаралтай тусламж үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн ТНБД-ын орлогч Женев хотноо хуралдах үедээ энэ уриалгыг гаргасан байна. Гамшгийн бүс нутгуудад хүмүүст хоол унд, майхан, цэвэр уснаас гадна шавар, барилгын нурангид дарагдсан хүмүүсийг аврах багаж хэрэгсэл нэн тэргүүнд шаардлагатай байгаа юм байна. Мөн далайн уснаас гаргаж байгаа цогцос олон хоносноос танихад хүндрэлтэй байгаа, иймд цогцос таниулах ажиллагаа удаан хугацаанд үргэлжлэх, хүн хүч, мөнгө зардал их шаардагдах төлөвтэй байгаа юм байна. Үүнээс гадна нэг аюул тулгарсан нь гамшгийн бүсэд халдварт өвчин тархах, холер өвчин гарах эрсэлд бий болжээ. Хэрвээ өвчин тархвал аврах ажиллагаа явуулах, тусламж хүргэх үйл ажиллагаа саатаж, Ливид дахиад хүмүүнлэгийн хямрал үүсэх эрсдэлтэйг тусламжийн байгууллагууд анхааруулсан байна.

Иймээс гамшгийн бүсэд халдварт өвчнөөс сэргийлэх вакцин хийхээр төлөвлөж байна. Ирэх 7 хоногоос вакцинжуулалт хийхээр төлөвлөж байгааг эрүүл мэндийн сайд нь мэдэгдсэн байна. Далайн уснаас цогцос гаргах, нуранги дороос сураггүй бологсдыг аврах эрэн хайх ажиллагаанд Ливийн арми, цагдаа, сайн дурынхан, энгийн иргэд оролцож байгаа юм байна. Ливийн өнцөг булан бүрээс сайн дурынхан гамшгийн бүс рүү очиж байгаагаас тэднийг дагаж зохицуулалт хийх шаардлага бий болжээ.  Олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны баг Египет, Тунис, Турк, Испани, Орос, Итали, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсаас очсон байна. ДЭМБ Дубайд төвлөрдөг олон улсын ложистикийн төвөөс 29 метр тонн эм эмнэлгийн хэрэгслийг Ливийн Бенгази хотноо бямба гарагт хүргэсэн байна. Мэргэжилтнүүд далайн шуурга Ливийн дэд бүтцийн насжилт, сэрэмжлүүлэг мэдээлэл хангалтгүй байдал, цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлтэй давхацсан нь ингэж их хохирол учруулахад нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Нөгөө талаар Ливи улс өнгөрсөн 10 гаруй жилд үргэлжилсэн иргэний дайны уршгаар баруун зүүн гэсэн хоёр тусдаа засаг захиргаанд хуваагдсан байгаа нь онц чухал дэд бүтцийн засвар аюулгүй байдал алдагдахад хүрсэн гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ливид үер усны гамшигт өртсөн бүсэд аврах, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна  
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй