
АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид хоёр орны хооронд өндөр түвшний уулзалт хэлэлцээг хадгална гэдгээ харилцан нотолжээ.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Хятадын Гадаад харилцааны сайд бөгөөд Коммунист намын улс төрийн товчооны гишүүн Ван И нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Мальтад уулзсан байна.
Энэ уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэ оны сүүлчээр дээд хэмжээнд уулзалт хийх боломжийг хэлэлцсэн байж магадгүй юм байна.
Мальтад болсон уулзалт хоёр орны хооронд харилцааны шугамыг нээлттэй хадгалах зорилгоор одоо хэрэгжиж байгаа хүчин чармайлтын хүрээнд болсон гэж Цагаан ордны мэдэгдэлд онцолжээ.
Жейк Салливан, Ван И нар хоёр талын харилцаа, Оросын Украинд хийж байгаа дайн болон бусад сэдвийг хэлэлцсэн байна. Мөн хоёр тал харилцаа холбооны стратегийн сувгийг хадгалж, ойрын саруудад тулгамдсан чухал асуудлаар дээд түвшинд уулзалт хэлэлцээ хийхээр амлалт авсан байна.
Үүний зэрэгцээ Жозеф Байден, Ши Жиньпин нарын хооронд дээд уулзалт хийх боломжийг хэлэлцсэн байж магадгүй гэж хэвлэлүүдээр мэдээлж байна.
Ирэх 11 дүгээр сард АНУ-д болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд Жозеф Байден, Ши Жиньпин нар уулзах боломж байгаа юм.
Түүнчлэн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Тайванийн хооолойд энх тайван, тогтвортой байх нь чухлыг тэмдэглэсэн юм байна. Харин Хятадын Гадаад хэргийн яам сайд Ван И Тайванийн асуудал бол Хятад Америкийн харилцаанд даван туулах аргагүй улаан шугам. Иймээс АНУ бол Хятад-Америкийн гурван удаагийн хамтарсан мэдэгдлийг дагаж мөрдөж, Тайванийн тусгаар болох оролдлогыг дэмжихгүй гэсэн амлалтдаа хүрэх ёстой гэдгийг онцолсон тухай мэдээлжээ.
Хоёр тал Төрийн тэргүүн нарын Балигийн уулзалтын үеэр тохирсон зөвшилцлийг хэрэгжүүлэх, Ази, Номхон далайн асуудал тэр дундаа далай, тэнгис болоод гадаад бодлогын асуудлаарх зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээ дахин нотолсон байна.
Мөн Ази, Номхон далайн бүс, Украин, Солонгосын хойг болоод бусад олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ.
АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалт хийх боломжийг хэлэлцсэн байж магадгүй | ||
Үзсэн: 134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.