
БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И ОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн даргын урилгаар энэ сарын 18-21-ний өдрүүдэд Москвад айлчилж байна.
Ван И Орос-Хятадын стратегийн аюулгүй байдлын 18 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцох юм байна.
БНХАУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч гол хүн Европт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхтэй уулзалт хийснийхээ дараа Москвад хязгааргүй түнш ОХУ-тай стратегийн аюулгүй байдлын асуудлаа хэлэлцэх гэж байна.
ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Николай Патрушевийн урилгаар айлчилж байгаа Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзалт хийсэн.
Сергей Лавров, Ван И нарын энэ удаагийн уулзалт ирэх сарын эхээр болж магадгүй байгаа Владимир Путин, Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахад чиглэнэ гэсэн таамаглал байсан.
Мөн зөвлөлдөх уулзалтаар талууд Оросын Украинд хийж байгаа дайн, Америк, Хятадын харилцааны таагүй байдал болон Ерөнхийлөгч Путин, Умардын удирдагч Ким нарын сая хийсэн дээд хэмжээний уулзалт зэрэг өргөн хүрээний сэдвийг хэлэлцэх болов уу гэж шинжээчид таамаглаж байна.
Хятад, Орос улсууд нь стратегийн холбоотнууд бөгөөд хоёр орны аль аль нь харилцаагаа хязгааргүй түншлэлийн хүрээнд хөгжүүлж байгаа гэж тодорхойлж, эдийн засаг, батлан хамгаалах салбарт ойр хамтран ажилладаг.
Хоёр орны харилцаа ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш илүү ойртож, Хятад улс дайны асуудалд төвийг сахисан байр суурь баримтлахаар чармайж, олон улсын тусгаарлалт нэмэгдэх тусам Москваг дипломатын болоод санхүүгийн арга замаар дэмжих бодлого барьж байна гэж шинжээчид таамаглаж байгаа.
Гэхдээ Бээжин дайнд шууд оролцоотой байх, ОХУ-д хөнөөлт зэвсэг нийлүүлэхээс зайлсхийж байна.
Орос, Хятадын хооронд өндөр түвшний яриа хэлэлцээ, айлчлалын давтамж нэмэгдэж байгаа, тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Хятадын дарга ОХУ-д Төрийн айлчлал хийж, хоёр талын харилцаа шинэ эрин үе рүү орж байгааг зарласан юм.
Саяхан Владивостокд болсон Дорнын эдийн засгийн чуулганд Хятадын тал дэд даргын түвшинд оролцсон бол ирэх аравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Хятадад айлчлах төлөвтэй байна.
БНХАУ-ын Гадаад харилцааны сайд ОХУ-д айлчилж байна | ||
Үзсэн: 404 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.