Украины гол холбоотны нэг Польш улс Украинд цаашид зэвсэг нийлүүлэхгүй болсноо мэдэгджээ.
Украины үр тарианаас үүдэлтэй дипломатын зөрчил нь хурцадсаны улмаас ийм шийдвэрт хүрч байгаагаа Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий мэдэгдсэн байна.
Мөн хойшид Польш улс илүү сүүлийн үеийн зэвсэглэлээр өөрийгөө хангахад анхаарах болно гэдгийг тэрбээр ярьсан байна.
Польшийн Ерөнхий сайд орон нутгийн радио станцад өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдээд “Энх тайвныг хүсвэл дайнд бэлэн бай” гэдэг зарчмын үүднээс бид зэвсгийн захиалгаа нэмэгдүүлсэн” гэж ярьжээ.
Эндээс үүдээд Варшав “Хамгийн сүүлийн үеийн зэвсгээр зэвсэглэх”-д анхаарч, Европтоо хамгийн хүчирхэгт тооцогдох хэмжээнд армиа шинэчлэх, зэвсгээ сайжруулахыг эрмэлзэх нь харагдаж байна гэж ажиглагчид бичиж байна.
Орос, Украины дайн эхэлсний дараагаас Украины Хар тэнгисийн гол боомтууд хаагдсанаас Украин хуурай замаар бүтээгдэхүүнээ гадагш гаргах арга замууд хайж эхэлсэн. Улмаар Украины дийлэнх үр тариа Төв Европын орнуудын зах зээлийг дүүргэх болсноос тэндэх дотоодын үйлдвэрлэгчдийн тусын тулд Европын Холбоо Болгар, Румын, Польш, Словак Унгар гэсэн таван улс руу үр тариа оруулахыг түр хориглосон.
Энэ хориг есдүгээр сарын 15-наар дуусгавар болж, Европын Холбоо цаашид сунгахгүй байхаар шийдвэрлэсэн. Харин Унгар, Словак, Польш гурав дор бүрдээ энэ хоригийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм байна.
Гэхдээ Польш Украины үр тарианы бүтээгдэхүүнийг Европын Холбооны бусад улс руу нутгаараа дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрсөн хэвээр байгаа юм байна.
Мөн Украины үр тариаг их хэмжээгээр оруулснаар зах зээлд илүүдэл үүсч ижил төрлийн бүтээгдэхүүний үнийг унагаж байгаа учраас дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах үүднээс Варшав ийм арга хэмжээг авсан гэж тайлбарлаж байгаа юм.
Польш, Унгар, Словак улсууд энэчлэн үр тарианд нь дангаар хориг тавьсантай холбогдуулж Украин Дэлхийн худалдааны байгууллагад ханджээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс хэлсэн үгэндээ, Европын зарим улс “Үр тариаг аймшгийн кино болгож улстөрийн жүжиг тавьж” өөрийнх нь улстай эв санааны нэгдмэл байдлаа цуцалж байгаад буруутгажээ.
Үүний дараа Польшийн Гадаад хэргийн яам өөрийн улсад суугаа Украины Элчин сайдыг дуудан эсэргүүцэл илэрхийлж, Киевийн ийм байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм байна.
Польшийн тухайд энэ талын зөрчил маргаан дэгдээгүй байх үед Украины зэвсэгт хүчинд МиГ-29 загварын нисэх онгоцууд, Т-72 болон Леопард-2 танкууд, их бууны сум хэрэгсэл, бусад зэр зэвсэг зэрэг нийт 3 тэрбум орчим ам.долларын зэвсэг нийлүүлснээ мэдээлж байжээ.
Польш улс үр тарианы асуудлаарх зөрчлийн улмаас Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсооно гэв | ||
Үзсэн: 2425 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.