Шууд Chart

АТГ: Эрүүгийн 6 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

2023-09-25 15:20:51

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 849 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 1 мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах 1 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ. Эрүүгийн 6 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын удирдах албан тушаалтан “И” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлсний хариуд гаалийн улсын ахлах байцаагч “Н” нь бусдаас хахууль авсан гэх;
  • БНХАУ-ын иргэн “Ф” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ зэрэг байгууллагын удирдах албан тушаалтан Н, Ц, Д, Э, З, Д нарт хахууль өгсөн гэх;
  • Иргэн “Д” нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /хуучин нэршил/ удирдах албан тушаалтан “Ц”-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
  • Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан “О” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Э”, Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан “О” нартай бүлэглэн өөрийн ойрын харилцаатай “Б”-д хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын удирдах албан тушаалтан “Ц” нь бусдаас хахууль өгөхийг шаардсан гэх;
  • Нийслэлийн 84 дүгээр сургуулийн удирдах албан тушаалтан “Л” нь бусдаас хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


АТГ: Эрүүгийн 6 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй