Шууд Chart

Япон Хятадын импортын хоригийг цуцлуулах чиглэлд шаардлагаа нэмэгдүүлнэ

2023-09-26 14:42:15

Японы Фукушима дайчи Атомын цахилгаан станцын оператор компани цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг шүүж цэвэршүүлээд Номхон далайд асгаж эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байна. Японы энэ алхам хүнсний аюулгүй байдлын эрсдэл учрууллаа гэж Номхон далайн улс орнууд эсэргүүцэж, Хятад улс Японоос далайн гаралтай хүнс худалдан авахыг хориглоод байгаа. Харин Японы засгийн газар Хятадын импортын хоригийг цуцлуулах чиглэлд шаардлагаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн 8-р сарын 24-нд Фукушимагийн атомын цахилгаан станцаас тусгай технологиор шүүж цэвэрлэсэн усыг номхон далайд асгаж эхэлсэн. Үүнээс хойш Японы ерөнхий сайд Фумио Кишида асгаж байгаа ус шинжлэх ухааны түвшинд аюулгүй гэдгийг дэлхийн улс орнуудын эрх баригчдад ойлгуулах боломж бүрийг ашиглаж байна. Түүний энэ дипломат ажиллагааны дүнд дэлхийн хэд хэдэн улс Японы шийдвэрийг ойлгож, дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. Харин Хятад улс Японыг хүнсний аюулгүй байдалд эрсдэл гаргаж байна гэж үзээд энэ шийдвэрийн эсрэг авсан импортын хоригоо цуцлах төлөвгүй байна. Иймээс Японы засгийн газар Хятадыг хоригоо цуцлахад нь бүх талын арга замаар нөлөөлөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын талбарыг ч ашиглах талаар хэлэлцэж байгаа юм байна.

Хятадын шийдвэрийн улмаас 8-р сард Японоос авсан далайн гаралтай бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 67.6 хувиар буурчээ. Хятадын энэ эсэргүүцлийн улмаас Японы далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлогчид болон зуучлагч байгууллагуудад эдийн засгийн ихээхэн хохирол учруулж байгаа юм байна. Хятад улс Японы цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг хичнээн цэвэршүүлээд, шүүгээд хүний эрүүл мэндэд  хор хөнөөлгүй гэх нотолгоо байхгүй гэсэн өнцгөөс асуудалд хандаж, ДХБ-д хүртэл хандсан. Харин Японы засгийн газар шинжлэх ухааны түвшинд бохирлолтой усыг хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүй түвшинд хүртэл цэвэршүүлсэн учир Хятадын импортын хоригийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, энэ хоригоо цуцлахыг уриалсаар байгаа. ОУАЭА ч Фукушима дайчи атомын цахилгаан станцаас далайд зутгаж байгаа ус олон улсын стандартыг хангасан, хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй гэсэн тайланг өнгөрсөн 7-р сард гаргасан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон Хятадын импортын хоригийг цуцлуулах чиглэлд шаардлагаа нэмэгдүүлнэ  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй