Шууд Chart

Армени НҮБ-ын тусгай багийг Уулын Карабахад нэн даруй оруулахыг шаардлаа

2023-09-26 15:08:36

Өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагт Азербайжаны арми Уулын Карабахад тусгай ажиллагаа эхлүүлж, улмаар салан тусгаарлагчид бууж өгсөн. Ингэснээр одоо Азербайжаны тал тус бүсийг 120 мянган оршин суугчтай нь хамт эх нутагтаа нэгтгэх ажиллагаа явуулж байгаа юм байна. Иймд Армени улс Уулын Карабахын бүс нутагт хүний эрхийг хангах, хүмүүнлэгийн нөхцөл, аюулгүй байдалд хяналт тавих боломжгүй байгаа учир тус бүсэд НҮБ-ын  тусгай багийг нэн даруй оруулахыг шаардаж байна.

Уулын Карабах хөрш Армениас тусгаарлагдаж, зөвхөн Лачины коридороор л орж гарч байсан. Гэвч Азербайжаны арми энэ замыг өнгөрсөн оны 12-р сард хааснаар Уулын Карабахын салан тусгаарлагчид Армениас дэмжлэг авах боломжгүй болсон байна. Харин өнгөрсөн 7 хоногт Азербайжаны арми иргэдийнх нь амь насыг салан тусгаарлагчид хохироосон шалтгаар терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулж, тэнд хяналтаа тогтоож байна.
 
Бүгд Найрамдах Армени улсын гадаад харилцааны сайд Арарат Мирзоян “Өвөг дээдсийнхээ нутагт амгалан тайван, нэр төртэй амьдарч, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй 120 мянган хүн 9 сар хориглолтод зовж тарчлаад, сая олон мянган цэргийн дайралтад өртлөө. Энэ хүнлэг бус халдлагын үеэр Азербайжаны арми Уулын Карабах болон бусад хот суурингуудад пуужин, их буу, байлдааны нисэгчгүй онгоц, бүр хориотой байдаг цацардаг сум хүртэл ашиглалаа. Иймээс энэ газар нутагт НҮБ-ын хяналтыг тогтоох ёстой.” гэж ярилаа.



Бүгд Найрамдах Азербайжан улсын гадаад харилцааны сайд Жейхун Байрамов “Армений тал бүслэлт, хүмүүнлэгийн хямрал, үндэсний цэвэрлэгээ гээд олон зүйлээр зохиомол гүтгэлэг хийж, яриа хэлэлцээгээр асуудлыг шийдэх олон улсын хүчин чармайлтуудыг хааж ирсэн. Бидний энэ бүс нутагт явуулсан тусгай ажиллагааны эхний зорилт биелсэн, одоо Арменичуудыг зэвсэггүй болгох ажиллагааг явуулж байна. ” гэж онцоллоо.



Энэ тусгай ажиллагааны уршгаар Уулын Карабахад 200 орчим хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн шархадсан гэж Армений гадаад харилцааны сайд мэдэгдсэн байна. Азербайжаны дарамт шахалтаас эмээсэн Армени үндэстнүүд Уулын Карабахын бүс нутгаас дүрвэж эхэлсэн байна. Өчигдрийн байдлаар 1100 орчим дүрвэгч Армений хилээр нэвтэрчээ. ЗХУ задрах үед зарим улс нь хоорондоо хилээ тохироогүйгээс халуун цэгүүд үлдсэний нэг нь Армени, Азербайжаны дунд үлдсэн Уулын Карабахын бүс нутаг юм. Азербайжаны тал өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг ч Армени үндэстнүүд голдуу суудаг Уулын Карабах Зөвлөлт задарсны дараа 1994 онд Бакугийн захиргаанаас татгалзаж, салан тусгаарлагчдын хяналтад орсон. Харин Арменийн засгийн газар тэдгээр салан тусгаарлагчдыг дэмжиж ирсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Армени НҮБ-ын тусгай багийг Уулын Карабахад нэн даруй оруулахыг шаардлаа  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй