
Ажилчид нь Ковид-19 болон бусад өвчлөлд олноор өртсөний улмаас Британийн нийслэл Лондон хотын Гэтвикийн нисэх буудал нислэгийн тоогоо бууруулж байгаагаа зарласан байна. Тодруулбал, эндэхийн нислэгийн диспетчерүүдийн 30 хүртэл хувь нь коронавирус болон бусад өвчлөлд нэрвэгдсэн учраас ийм арга хэмжээг түр хугацаанд хэрэгжүүлэхээр болсон гэж мэдэгдэж байна.
Энэ хүрээнд энэ 7 хоногийн ням гарагийг дуустал хүлээж авах болон үдэн гаргах нислэгийн тоондоо хязгаарлалт тогтоосон байна. Үүнээс үүдээд 164 нислэгийг цуцалжээ. Нисэх буудлын зүгээс ийм, туйлаас хүнд алхмыг хийх болсондоо уучлалт эрсэн байна. Мөн ингэж нислэгийн тоогоо тодорхой хувиар бууруулсных нь дүнд зорчигчдын тухайд, эцсийн мөчид гэнэт нислэг нь цуцлагдах зэрэг эрсдэлээс сэргийлж, нислэгийн хуваарийг илүү тодорхой, бас бодитой болгож байгаа гэдэг тайлбарыг хийж байгаа юм байна. Их Британийн агаарын хяналт удирдлагын үйлчилгээ үзүүлэгч NATS компанийн зүгээс нислэгийн удирдлагын диспетчерүүд нь ажилдаа эргэн орсон даруйгаас зуны цагийн хуваарь төгсгөл болно гэдгийг мөн мэдээлжээ.
Бас агаарын хяналт удирдлагын ажилтнуудыг шинээр бэлтгэх сургалтын үйл ажиллагаа нь мөн үргэлжилж байгаа гэж мэдээлж байна. Гэтвикийн нисэх буудал бол жилд үйлчилдэг зорчигчдынхоо тоогоор Британидаа хоёрт ордог том нисэх буудал. Британийн засгийн газрын мэдээлж байгаагаар, тус улсад өдөрт илрэх ковидын шинэ тохиолдлын тоо сүүлийн нэг сарын туршид 1000-аас давж байсан бол, саяхнаас 200 орчимд болж буурсан байна.
Лондон хотын Гэтвикийн нисэх буудал нислэгийн тоогоо цөөрүүлжээ | ||
Үзсэн: 455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.