Шууд Chart

АНУ Номхон далай дахь холбоо харилцаагаа бэхжүүлж байна

2023-09-26 15:53:04

Өчигдөр болон өнөөдөр хоёр өдөр Номхон далайн арлын орнуудын удирдагчид Вашингтонд чуулж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Даваа гарагт Номхон далайн арлуудын форумын гишүүн 18 улсын удирдагчидтай уулзалт хийсэн байна. Улмаар Байдений засаг захиргааны зүгээс энэ бүс нутгийн орнуудад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж учирч байгаа сөрөг нөлөөллүүдийн талаарх анхааруулгыг ойлгон хүлээн авсны үндсэн дээр тулгарч байгаа сорилтуудаа шийдвэрлэхэд нь тэдэнд тусална гэдгээ мэдэгдэж байна.

Чинээлэг орнууд дэлхийн уур амьсгал байгаль орчинд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд хамгийн их хариуцлага хүлээх ёстой. Дээрээс нь буурай орнуудыг байгаль цаг уурын өөрчлөлтийн үр дагавартай тэмцэхэд зориулж олгодог зээлээсээ ч ашиг хүртдэг атлаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө хангалттай зүйл хийхгүй байна гэж ихэнх орнууд шүүмжилдэг. Америкийн Ерөнхийлөгч дээд түвшний уулзалтын эхэнд арлын орнуудыг байгаль цаг уурын аюулт үзэгдлүүдэд бэлтгэлтэй байж дэд бүтцээ сайжруулахад нь туслах санхүүжилт гэхчлэн бусад зорилгод 200 сая ам.долларын шинэ тусламж үзүүлэхээр Конгресст санал оруулах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Номхон далайн бүс дэх Хятадын цэргийн болон эдийн засгийн нөлөө улам бүр өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед америкийн төрийн тэргүүн ийм маягаар энэ бүс нутаг руу хандсан харилцаа холбоогоо ахиулж бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Номхон далайн арлуудын орнуудын форумын гишүүн 17 улс байдаг. Номхон далайн бүсэд Хятадын нөлөө улам бүр тэлж байгаа сөрөхөд арлын жижиг улсуудын ач холбогдлыг Өрнөдийн гүрнүүд саяхныг болтол төдийлөн хайхарч авч үздэггүй байсан. Тэгвэл энэ жил Вашингтонд хоёр дахиа болж байгаа Номхон далайн арлын орнуудын дээд түвшний уулзалт дээр Ерөнхийлөгч Байден усан доогуур мэдээлэл дамжуулах кабель, хууль бус загас агнууртай тэмцэх зэрэг чиглэлд хөрөнгө оруулах гэхчлэн шинэ санаачилгуудаа ийнхүү байна. Мөн 15 мянган хүн амтай Кукын арлууд болон 1700 хүн амтай Ниуэ аралтай АНУ дипломат харилцаа тогтоож байна. Ийнхүү Номхон далай дахь арлын жижиг улсууд стратегийн ач холбогдлоосоо үүдэн олон улсын улс төрд зарим нэг нөлөөллийн хөшүүрэгтэй болж эхэлж байгааг америкийн “Таймс” сонинд тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ энэ бүс нутгийн зарим удирдагч тодруулбал Соломоны арлуудын Ерөнхий сайд Хятадтай хамтран ажиллахыг илүүд үзэж тэр ч үүднээсээ энэ удаагийн Вашингтоны дээд уулзалтад очоогүй байна. Бээжин саявтар Соломоны арлуудтай аюулгүй байдлын хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалт, барилга байгууламжийн чиглэлээр нөлөөгөө тэлж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Номхон далай дахь холбоо харилцаагаа бэхжүүлж байна  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй