
Умард Солонгос улс цөмийн зэвсгийн нөөцөө илүү өндөр түвшинд хөгжүүлэхээр заасан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт баталжээ.
Хоёр өдөр болж өндөрлөсөн Ардын Дээд хурал буюу Парламентын хурлаас энэ шийдвэрийг баталсан байна.
Одоогоос жилийн өмнө цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлүүдийг тодорхойлсон хууль баталж байсан Умард Солонгос энэ талын бодлого байр сууриа ийнхүү Үндсэн хуулиндаа оруулж баталгаажуулсан талаар эрх баригч Хөдөлмөрийн намын төв хэвлэл “Родон Синмун” болон Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээллүүдэд онцолсон байна.
Умард Солонгосын цөмийн хүчний талаарх бодлогыг улсынхаа Үндсэн хуулинд тусгаж оруулах нэн чухал асуудлыг парламент санал нэгтэйгээр баталлаа гэж энэ мэдээнд өгүүлжээ.
“Дайныг тогтоон барьж, бүс нутаг, даян дэлхийн энх тайвныг хамгаалах” зорилгоор тус улс цөмийн зэвсгийн нөөцөө бэхжүүлэх болно. Цөмийн хүчээ нэмэгдүүлэх Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын бодлого ийнхүү хэн ч зөрчих аргагүй үндсэн хууль болж байна” Ким Жон Ун мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна.
Мөн стратегийн тогтоон барих хүчин дэх тодорхой давуу байдлаа хадгалах үүднээс цөмийн зэвсгийн шинэчлэлээ түргэтгэх нь “маш чухал” байгааг дурдсаны дээр, цөмийн дайралтын хүчин чадлаа төрөлжүүлж, энэ төрлийн зэвсгийн нөөцөө зэвсэгт хүчний өөр өөр төрөл цэрэг, анги нэгтгэлд тараан байршуулах болно гэдгээ мэдэгджээ.
Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын гурван талт хамтын ажиллагааг тэрбээр НАТО-гийн “Ази хувилбар бий болж байгаа”, "дайн болон түрэмгийллийн үндэс суурийг бүрэлдүүлж байгаа “хамгийн ноцтой бодит аюул” гэж мэдэгдсэн байна.
Умардын удирдагчийн тухайд нэлээд ховорт орох гадаад айлчлалыг өнгөрсөн долоо хоногт ОХУ-д хийж, Ерөнхийлөгч Владимир Путинтай цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тохироотой уулзалт хийгээд нутаг буцсан.
Үүнээс нь үүдээд Өмнөд Солонгос болон АНУ-ын талууд Москваг Украин дахь цэрэг дайны ажиллагаандаа шаардлагатай зэр зэвсгийн эх үүсвэр хайж байгаа үед нь Умард Солонгос Оросоос цөмийн пуужингийн хөтөлбөрүүддээ техник технологийн туслалцаа дэмжлэг эрэлхийлсэн байж болзошгүй гэж болгоомжилж байгаа юм.
Өнгөрөгч мягмар гарагт Өмнөд Солонгос сүүлийн арваад жилд анх удаа томоохон хэмжээний цэргийн парад зохион байгуулсны дээр Ерөнхийлөгч Юн Сок Ёль Пхеньяныг цөмийн зэвсэг хэрэглэхээс сэрэмжлүүлсэн.
Пхеньяны тухайд хамгийн сүүлд 2017 онд цөмийн туршилт хийж байсан. Харин сүүлийн саруудад цөмийн цэнэгт хошууг дуурайлгасан макет бүхий тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийж байгаа гэдгийг олон улсын хэвлэлүүд дурдаж байна.
БНАСАУ цөмийн зэвсгийн нөөцөө бэхжүүлэх бодлогоо Үндсэн хуулиндаа тусгажээ | ||
Үзсэн: 709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.