
“Бүс ба зам" чуулга уулзалтын босгон дээр зах зээлээ бүрэн нээх амлалтыг Хятадын дарга Ши Жиньпин өгч байна.
Тэрбээр Хятад улс нээлттэй зах зээл, шинэчлэлийн бодлого явуулж эхэлснээс хойш энэ жил 45 дахь жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, дотооддоо шинэчлэлийн тогтвортой үйл явцыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ гадаад ертөнц рүү үүд хаалгаа илүү өргөн нээх байр сууриа илэрхийлжээ.
Мөн Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэхэд оролцоход бэлэн гэж мэдэгдсэн байна.
ХКН-ын Төв хорооны улстөрийн товчоонд болсон уулзалт дээр тэрбээр ийм мэдэгдэл хийснийг Хятадын төрийн мэдлийн төв хэвлэлүүд уламжилж байна.
Ши Жиньпин энэ үеэрээ Хятад улс 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн цагаасаа 140 гаруй улс, бүс нутагтай худалдааны харилцаа өрнүүлж, дэлхийд томоохонд орох бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч орон болсны дээр дэлхийн эдийн засгийн жил тутмын өсөлтөд дунджаар 30 орчим хувийн хувь нэмэр оруулдаг улс болсон гэдгийг мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Хятад улс Номхон далайг дамнасан түншлэлийн иж бүрэн дэвшилтэт гэрээ болон Дижитал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт нэгдэх эрмэлзэлтэй байгааг Ши Жиньпин илэрхийлсэн байна.
Ирэх сард Бээжинд ажлаа эхлэх “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны форумын босгон дээр Ши Жиньпиний хэлсэн энэ үг Хятад улсын уналтад орсон эдийн засгаа сэргээх эрмэлзлийг илтгэж байна гэж хэвлэлүүд бичиж байна.
Үүний зэрэгцээ Ши Жиньпин аюулгүй байдлаар шалтаглаж Хятад руу экспортоо хязгаарласан АНУ-ын саяханы үйлдлийг эрс шүүмжилж, цаашлаад гаалиар хавчин хяхах бодлого болон эдийн засаг, худалдааг улстөржүүлэхтэй тэмцэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн байна.
Энэ ч үүднээсээ Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлд гар бие оролцоход бэлэн гэдгээ Хятадын дарга илэрхийлж, энэ байгууллагын хүрээн дэх маргаантай асуудлуудыг шийдвэрлэх механизмуудыг сэргээхэд идэвхтэй хамтран ажиллах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.
БНХАУ-ын дарга ДХБ-ын шинэчлэл, олон улсын худалдааны дүрмийг засч залруулахад оролцоход бэлэн гэв | ||
Үзсэн: 422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.