Шууд Chart

Францын Ерөнхийлөгч дүрвэгчдийн асуудлаар Итали, Грек, Испани улстай санаа нэгтэй байхад уриалав

2023-10-01 13:30:58

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон саянаас улам эрчимжсэн Газрын дундад тэнгисээр дамжин орж ирэх дүрвэгчдийн их урсгалыг даван туулахын тулд Итали, Грек, Испани улстай эв санаа нэгтэй байхад уриалжээ. Мальтийн нийслэл Валеттад болсон Газрын дунд тэнгисийн орнуудын удирдагчдын уулзалт дээр хэлсэн үгэндээ Макрон, Итали зэрэг хэрээс хэтэрсэн олон дүрвэгчдийн хөлд даруулж байгаа улс орнуудыг дэмжих “Европын нэгдсэн арга хэмжээ” авахад уриалсан байна.

Мальт улсын зохион байгуулсан нэг өдрийн уулзалтад Хорват, Кипр, Франц, Грек, Итали, Португал, Словени, Испанийн удирдагчид оролцжээ. Хүмүүсийг хууль бусаар хил давуулан тээвэрлэгчидтэй тэмцэхэд чиглэсэн цагаачдын асуудлаарх нэгдсэн пакт бичгийг хэрэгжүүлэхийн тулд Тунис, Ливи зэрэг Хойд Африкийн орнуудтай яриа хэлэлцээ өрнүүлэх шаардлагатай байгааг Францын Ерөнхийлөгч мөн мэдэгджээ. Цагаачид болон орогнол олгохтой холбоотой шинэ хэлэлцээрийг эцэслэн байгуулж, Хойд Африкаас эхтэй цагаачдын урсгалаас сэргийлэх хүчин чармайлтаа идэвхжүүлэхийг Европын Холбоонд уриалсан өмнөд Европын есөн орны нэг нь Итали байна. Европын Холбоонд одоо үйлчилж байгаа журмаар орогнол гуйх хүсэлтэй цагаачдыг нутагтаа хүлээн авсан улс хүсэлтийг нь шийдвэрлэх явцдаа орон байраар хангах үүрэг хүлээдэг. Гэвч энэ журмаас шалтгаалсан туйлын хүнд бэрх нөхцөл үүссэн байхад гурван жилийн өмнө батлагдсан Европын Холбооны шинэ пакт бичгээс нэг ч ахицтай шийдэл гарсангүй гэж Итали тэргүүтэй Өмнөд Европын орнууд мэдэгдэж байна. Италид гэхэд он гарсаар жилийн өмнөхөөс бараг хоёр дахин их буюу 133 мянга гаруй цагаач дүрвэгч хүлээж аваад байна. Энэ байдлаас болж Италийн Ерөнхий сайд Жоржия Мелонигийн засгийн газар Европын Холбоог энэ асуудалд илүү үүрэг хариуцлага үүрэх ёстой гэдэг үүднээс Франц, Герман зэрэг улстай мөн зөрчилдөх байдал үүсэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францын Ерөнхийлөгч дүрвэгчдийн асуудлаар Итали, Грек, Испани улстай санаа нэгтэй байхад уриалав   
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй