
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч тэргүүлэх гурван компанийн эсрэг ажил хаялт хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Ажил олгогчидтой хийж байгаа хэлэлцээнд нь “дорвитой ахиц дэвшил” гараагүйг тэд хэлж байна. Улмаар баасан гарагаас эхлэн ажил хаялтаа улам өргөжүүлэх шийдвэрт хүрчээ.
Форд, Женерал моторс болон Крайслер-ийн охин компани Стеллантис-ын ажилчид түүхэндээ анх удаа нэгдсэн ажил хаялт хийж байгаа юм. Тэд хөдөлмөрийн хөлс, урамшууллын тогтолцоог нь сайжруулахыг шаардаж байна. Өнгөрөгч 7 хоногт Авто үйлдвэрлэгчдийн Нэгдсэн Холбооны уриалгын дагуу нэмж хэдэн арван үйлдвэр болон салбарын ажилчдыг хамруулжээ. Гэсэн хэдий ч өнөө хэр ажил олгогчидтой тохиролцоонд хүрч чадаагүй хэвээр байна.
Холбооны Ерөнхийлөгч Шон Фэйн “ажлын талбарт дахь бидний хүч чадал хэлэлцээний ширээн дэх ялалтыг тодорхойлно. Хүчээ ашиглах цаг нь одоо болсон” гэж мэдэгджээ. Мөн Холбооных нь 7000 гишүүн ажил хаялтад нэгдсэнээр нийт ажил хаягчдын тоо 25000-д хүрнэ гэж тэр мэдээлсэн байна. Стеллантис-тай хийж байгаа хэлэлцээ ахицтай байгаа учраас энэ компани дахь ажил хаялтыг зогсоож байгаа гэж мөн ярьжээ. Автомашин үйлдвэрлэгчдийн тэргүүн нарын зүгээс хэлцэл байгуулахад бэлэн гэж мэдэгдэж байгаа ч хэлэлцээний үйл явц хэтэрхий удаашралтай байгаад сэтгэл дундуур байна. “Форд” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий захирал Жим Фарли компанийнх нь нийлүүлэлтийн нөөц тасрахын даваан дээр очсоныг мэдэгджээ. “Форд”, “Женерал моторс”, “Селантис” компаниуд хүчирхэг байх нь Авто үйлдвэрлэгчдийн Нэгдсэн Холбооны цаашдын оршин тогтнолд чухал. Тэд буулт хийхээс өөр аргагүй. Тэр мөчтэй золгох хүртэл манлайлал шаардлагатай” гэж “Форд”-ын захирал мөн ярьсан байна.
“Женерал моторс”-ын төлөөлөгчид ажил хаялтын хүрээг тэлэх уриалгыг зэмлэн буруутгаж, ажил хаялтаар ахиц дэвшил гарахгүй, үйлдвэрчний эвлэлүүдийн удирдагчид гагцхүү “сонины нүүрэнд гарах хүсэлтэй” гэж ярьжээ. Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс хагас ачааны суудлын тэрэг, том оврын жийп машинууд зэрэг хамгийн эрэлт ихтэй, өндөр ашиг олдог төрлийн автомашинуудаа үйлдвэрлэх боломжийг үйлдвэрлэгчдэд олгосоор байгаа гэж мэдэгдэж байна. Одоогийн байдлаар нэгдсэн авто үйлдвэрлэгч гурван компанийн 146 мянган ажилтны 12 орчим хувь нь л ажил хаялтад оролцож байгаа юм байна.
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч компаниуд дахь ажил хаялт дахин өргөжив | ||
Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.