Шууд Chart

Европын парламент “Катар-Европын холбооны авлигын хэрэг”-ийн улмаас Ил тод байдлын дүрмээ шинэчлэн баталжээ

2023-10-03 09:19:44

Шинээр батлагдсан дүрэмд нэмэлт орлого нь 5000 еврогоос дээш давсан тохиолдолд мэдүүлж байхаар тусгажээ. Европын парламентын гишүүд Катараас хахууль авсан гэх томоохон авлигын хэргийн дуулианы дараа Европын парламент ил тод байдлын дүрмээ сайжруулахаар санаачилжээ.

Холбооны хууль тогтоогчдод зориулсан шинэ дүрэмд хэрэв нийт орлого нь 5,000 евро /5,365 доллар/-оос дээш давсан тохиолдолд орлого олж буй бүх үйл ажиллагаагаа мэдүүлэх, мөн сүүлийн зургаан сарын хугацаанд парламентыг орхисон гишүүдтэй хамтарч ажиллахыг хориглох зэргийг тусгажээ.

Европын парламентын гишүүд 150 евро /161 доллар/-оос дээш үнэтэй бэлэг авахыг хориглосон бөгөөд тус хэмжээнээс илүү гарсан үнийн дүнтэй бэлгийг парламентын даргад шилжүүлэн өгөхөөр тусгажээ. Мөн Европын парламентын гишүүний оролцсон аливаа арга хэмжээний зардлыг аливаа хуулийн этгээд хариуцан төлсөн тохиолдолд мөн мэдэгдэх ёстой.

Парламентын ерөнхийлөгч Роберта Мецола санал хураалтын дараа нийгмийн сүлжээний X платформ дээр "Бид шударга ёс, хараат бус байдал, хариуцлагыг бэхжүүлэх талаар урьд өмнө байгаагүй шийдвэрүүдийг гаргасандаа бахархаж байна" гэжээ.

Өнгөрсөн арван хоёрдугаар сард Бельгийн эрх баригчдаас 1,6 сая гаруй доллар бэлнээр хураан авч, тус ажиллагааны үеэр зургаан хүнийг баривчилснаар дуулиан дэгдсэн.

Европын парламентын гишүүн, Европын парламентын дэд ерөнхийлөгч асан Ева Кайли болон Грекийн нэр бүхий 4 эрх баригчдыг "гэмт хэрэг зохион байгуулж, хахууль авсан, мөнгө угаасан" хэргээр буруутгаж байгаа юм. Холбогдуулан шалгаж байсан хоёр албан тушаалтныг сулласан.

Мөн Европын парламент Катартай холбоотой хууль тогтоох бүх ажлыг зогсоож, тус улсын төлөөлөгчдийг парламентын байранд оруулахыг хориглох санал өгсөн байна. Ил тод байдлын шинэ дүрэм батлахыг 505 нь дэмжиж, 93 нь эсэргүүцсэн бөгөөд олонхын саналаар баталсан. Тус дүрэм нь энэ оны арван нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.

Гэсэн хэдий ч парламент дахь ил тод байдлыг нэмэгдүүлэхийг дэмжигчид шинэ дүрэм батлагдсанаар авлигыг таслан зогсоож чадна гэдэгт бүрэн итгэлгүй байна.

Транспаренси Интернэшнл ЕХ-ны захирлын үүрэг гүйцэтгэгч Ник Айосса Politico-д өгсөн ярилцлагадаа "Европын парламентын хэд хэдэн гишүүд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа бөгөөд шинэчлэн мэдүүлээгүй тохиолдолд өөр бусад үйл ажиллагаа явуулах  эрхгүй болно" гэж мэдэгдэв. “Шинэчлэлийг хийхдээ одоо байгаа ил тод байдлын дүрмийн зарчмыг алдагдуулалгүй барих хэрэгтэй.”

 

Эх сурвалж: https://www.middleeasteye.net/


Европын парламент “Катар-Европын холбооны авлигын хэрэг”-ийн улмаас Ил тод байдлын дүрмээ шинэчлэн баталжээ  
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй