Шууд Chart

Европын холбооны гадаад хэргийн сайд нар анх удаа Киевт албан бус уулзалт хийж байна

2023-10-03 14:14:32

Европын Холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар Украины нийслэл Киевт албан бус хуралдаанаа хийж байна. Тэд Украиныг Европын Холбоонд элсүүлэх боломжийг хэлэлцэхээс гадна Украинд үзүүлж байгаа цэргийн тусламжийн үр өгөөж, Оросын эсрэг хориг арга хэмжээний үйлчлэл зэрэг сэдвээр ярилцана гэж европын мэдээллээр дагнасан “Еврактив” сайт мэдээлсэн байна. Европын Холбооны гишүүн орнуудын ГХЯ-ын сайд нар анх удаа Европын нутгаас гадна албан бус уулзалтаа хийж байгаа нь энэ юм байна.

Европын Холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар Украины Гадаад яамны сайд Дмитрий Кулеба, Ерөнхийлөгч Володимир Зеленский нартай уулзалт хийх мэдээтэй байна. Украины нийслэлд гэнэтийн айлчлал хийж байгаа Европын Холбооны Гадаад бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеф Боррель өмнө нь ийм уулзалт болохыг Х буюу хуучнаар твиттер хуудсаараа нотлон мэдээлсэн. Тэрээр “Бид ЕХ-нд элсэхээр нэр дэвшигч, ирээдүйн гишүүн улс Украинд ЕХ-ны ГХЯ-ны сайд нарын түүхэн уулзалт хийх гэж байна. Украины ард түмэнтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, дэмжихээр бид энд цуглаж байна” гэж тэр бичжээ. Бямба гарагт Одесс хотод гэнэтийн айлчлалаар очсон Боррель ням гарагт Киевт Ерөнхийлөгч Володимир Зеленский, Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, мөн Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нартай уулзалт хийсэн байна. Энэ үеэрээ тэр Украины аюулгүй байдалтай холбогдуулж Европын Холбоо урт хугацаандаа үүрэг амлалт хүлээхээр асуудлыг боловсруулж байгаа талаар ярьжээ. Мөн өөрийнх нь айлчлал Европ дахин Украиныг цэрэг, эдийн засгийн талаар төдийгүй, дипломат болон улс төрийн хувьд дэмжиж байгааг илтгэж байгаа хэрэг гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Европын сайд нарын уулзалтаас Украинд үзүүлэх батлан хамгаалахын дэмжлэг тусламжаа үргэлжлүүлэх, нэмэгдүүлэх, аюулгүй байдлын баталгаа олгох, мөн Оросын эсрэг дараагийн багц хориг арга хэмжээ батлах, Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлаарх хэлэлцээг эхлүүлэх зэрэг үр дүнгүүд хүлээж байгаа гэдгээ “Интерфакс Украина”-д ярьсан байна. Харин Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн 2027 онд багтааж Европын Холбооноос 20 тэрбум еврогийн тусламж олгох тухайд, Киев дэх уулзалт албан бус гэдгээрээ тодорхой шийдвэр батлах бус, улс төрийн хэлэлцүүлгийн шинжтэй юм гэдгийг тэмдэглэжээ. Харин АНУ-ын Конгресс Холбооны засгийн газрын санхүүжилтээс Украинд үзүүлэх тусламжийн саналыг хассан тухайд Боррель, тусламж дэмжлэгийг нь үргэлжлүүлэх үүднээс америкийн холбоотнууд болон анд нөхөдтэйгээ яриа хэлэлцээ өрнүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбооны гадаад хэргийн сайд нар анх удаа Киевт албан бус уулзалт хийж байна   
Үзсэн: 454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй