Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын санхүүгийн луйврын хэргийн шүүх хурал эхэлжээ

2023-10-03 16:02:54
Error loading player: No playable sources found

АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын луйврын хэргийн шүүх хурал орон нутгийн цагаар Даваа гарагт эхэллээ. Түүний эсрэг 250 сая ам долларын нэхэмжлэл үүсээд байгаа юм. Шүүх хурал Нью-Йорк хотын Манхеттен дүүргийн шүүхийн танхимд болж байна. Доналт Трамп хуульчдын багийнхаа хамт хүрэлцэн иржээ. Хэдийгээр энэ шүүх хурал түүний болон бизнесийнх нь эсрэг хэрэг үүсгэсэн үйл явдал болж байгаа ч Доналд Трамп шүүх хурлыг сонгуулийн компанит ажлаа болгож байна гэж ажиглагчид үзэж байна.

Шүүхийн үзэж байгаагаар Доналд Трамп болон түүний ойр тойрныхон үл хөдлөх хөрөнгийн үнээ зохиомлоор өсгөж, хувийн хөрөнгийн хэмжээгээ 2 тэрбум ам доллар давтал нь өсгөн, бодит хэмжээг нь удаа дараа  удаа дараа нуун дарагдуулж ирсэн гэж буруутгаж байгаа юм. Түүнчлэн Нью-Йорк хотын банкуудыг, Нью-Йоркын иргэдийг залилж, хөрөнгөжин, ерөнхийлөгчийн суудалд гарсан гэж үзэж байгаагаа ерөнхий шүүгч Летишиа Жэймс мэдэгдсэн байна. Тэгвэл Доналд Трампын талаас түүнд үүсгэсэн хэргийг ирэх 2024 оны сонгуулийн ажилд нь санаатайгаар саад учруулж, нэр хүндэд нь халдах гэсэн сөрөг намын явуулга гэж харж байгаагаа шүүх хурал эхлэхээс өмнө илэрхийлсэн байна.

Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгч асан "Миний эсрэг, миний хөрөнгийн эсрэг хэрэг үүсгэсэн нь явуулгын шинж чанартай юм. Миний бизнесээс, манай гэр бүлийн бизнесийн нөлөөгөөр хэн ч хохироогүй. Ямар ч банк мөнгөө залилуулаагүй. Дифолт зарлаагүй. Бүх зүйл хэвийн байсан. Энд ямар ч гэмт хэрэг болоогүй юм. Ирэх жилийн сонгуульд би давуу байдалтай байгаа учраас намайг унагах гэж дүүргийн, хотын шүүх үгсэн хуйвалдсан байна. Миний эсрэг энэ шүүх хурлаа хэдэн жилийн өмнө эхлүүлж болох байсан. Гэвч яг сонгуулийн кампанит ажил эхлэх үеэр тааруулж байгаа нь тохиолдол биш юм. Энэ шүүх хурлыг шулмын ан гэж нэрлэвэл зохилтой" гэж ярилаа.

Нью-Йоркын шүүхээс дан ганц Доналд Трампын эсрэг хэрэг үүсгэж, нэхэмжлэл гаргасангүй. Түүний хүү Доналд Трамп Жуниор болон Эрик Трамп нарыг Нью-Йорк хотноо бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглож, Трампын үл хөдлөх хөрөнгийн компанийг 5 жилийн хугацаатай арилжаа худалдаа хийхийг нь хориглох шийдвэр гаргахаар төлөвлөөд байгаа юм байна. Ерөнхийдөө Трампыг энэ хэрэгт татах үндэслэлийг 4 жилийн өмнөөс бүрдүүлсэн байдаг. Доналд Трампын хуульчаар ажиллаж байсан Майкл Көүэн Конгресст Трампыг хөрөнгийн хэмжээгээ худал мэдүүлсэн гэж мэдээлсэн нь хэрэг үүсгэх үүдэж нөхцөл болсон байна.

Летишиа Жэймс Нью-Йорк хотын ерөнхий шүүгч "Доналд Трамп хэчнээн их эрх мэдэлтэй, мөнгөтэй, хүчирхэг ар талтай байсан хэн ч хуулиас дээгүүр байдаггүйг ухаарах цаг нь ирсэн. Хэргийн үнэн мөнийг илчлэх нь бидний үүрэг. Хууль бол маш хүчтэй болоод эмзэг зүйл. Өнөөдөр энэ шүүх хурал дээр бид үнэн зөв шийдвэрийг гаргахаар ажиллах болно" гэж онцоллоо.

Шүүх хурлын эхний өдрийн төгсгөлд хэрэг Доналд Трампын талд нааштайгаар эргэж байна гэж олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байна. Шүүхийн зүгээс Трампын эсрэг мэдүүлгүүд зарим нь хоцрогдсон, хязгаарлагдмал шинжтэй байна гэдэг дүгнэлт урьдчилсан байдлаар гарч байгааг мэдээлсэн байна. Шүүх хурлын үйл явц 3 сар үргэлжилж магадгүй. Доналд Трамп өөрөө биечлэн ирэх шаардлагагүй байсан ч шүүхийн танхимд хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг хамгийн их татлаа. Дараагийн шүүх хурал дээр тэрээр дахин ирж магадгүй. Дахин ирэхдээ гэрчийн хувиар ирэх боломжтой гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын санхүүгийн луйврын хэргийн шүүх хурал эхэлжээ   
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-03 19:05
Ingej ingjgdl

Бидэнтэй нэгдээрэй