Шууд Chart

АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн төлөөлөгчдийн танхимын даргаа огцруулах санал гаргалаа

2023-10-04 10:49:04

АНУ-ын Бүгд найрамдах намын хатуу чиг шугам баримтлагч гишүүн Мэтт Гетц Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартиг огцруулах санал гаргажээ. Ингэснээр Төлөөлөгчдийн танхимын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар Конгресст санал хурааж магадгүй байна. Учир нь Бүгд найрамдах намын гишүүд засгийн газрын үйл ажиллагааг доголдохоос урьдчилан сэргийлсэн түр санхүүжилт оруулах хуулийн төслийг конгрессоор батлахын эсрэг байсан ч төсөл батлагдсан, төсвийн асуудал дээр Бүгд найрамдах намын гишүүд дотроо ихээхэн зөрчилтэй байгаа юм.

Танхимын даргыг огцруулахад төлөөлөгчдийн танхимын гишүүдийн олонхын дэмжлэг шаардлагатай учир Маккартиг албан тушаалаас нь огцруулах эсэх нь тодорхойгүй байна. АНУ-ын конгрессын доод танхим Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах нам олонхын суудалтай. Бүгд найрамдах намын олонх хууль тогтоогчид танхимын дарга Кэвин Маккартиг дэмждэг. Гэхдээ Ардчилсан намынхан бүгд найрамдах намын гишүүний энэ саналыг дэмжвэл танхимын даргыг огцруулах эсэхээр санал хураах үйл явц руу орж магадгүй юм байна. Конгресс дахь хоёр намын гишүүдийн баталсан түр санхүүжилт оруулах төслийг баталснаар Холбооны засгийн газрын үйл ажиллагаа 11-р сарын дунд үе хүртэл хэвийн үргэлжлэхээр болсон. Гэвч Бүгд найрамдах намын хатуу чиг шугам баримтлагч гишүүдийн шаардаад байгаа төсвийн зардлыг огцом танах саналыг уг хуулийн төсөлд тусгаагүйд сэтгэл дундуур байгаагаа ийнхүү илэрхийлж байна. Өөрөө хэлбэл Танхимын дарга түр санхүүжилтийн хууль батлахдаа Ардчилсан намынхантай ойр хамтран ажилласан ч намын шаардлагыг тусгасангүй гэж хүчтэй эсэргүүцэж байна.

Одоогоор Байдены засаг захиргаа санхүүгийн жилийн шинэ төсвийн хуулийг Украинд үзүүлэх тусламжийг багтааж, яаралтай батлахыг Конгрессоос шаардаж байна. Гэвч Бүгд найрамдах нам доторх дотоод зөрчил энэ мэтээр хурцдаж байгаа нь төсвийн хуулийн төслийг хэлэлцэхэд сөргөөр нөлөөлж магадгүй байна. Хэрвээ төсвийн төслөө 11-р сарын 15 гэхэд хэлэлцэн батлахгүй бол АНУ-ын холбооны засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсох нөхцөл байдал үүсэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн төлөөлөгчдийн танхимын даргаа огцруулах санал гаргалаа  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй