Шууд Chart

ИБУИНХУ-д тамхины хэрэглээг зөвшөөрсөн насны хязгаарыг ахиулна

2023-10-05 16:57:17

Их Британийн консерватив намын бага хурал дээр мөн тамхины хэрэглээний талаар насны хязгаарлалтын шинэ хуулийн төсөл өргөн барьснаа ерөнхий сайд Риши Сунак танилцуулсан байна. Түүний засгийн газарт өргөн барьсан хуулийн төслийн дагуу Их Британийн иргэн 14 наснаас доош бол тамхи худалдан авах огт боломжгүй болох юм. Түүнчлэн тамхи татаж болох насыг жил бүр нэг нэгээр нэмэгдүүлнэ гэдгээ зарлалаа. Одоогийн байдлаар Их Британид 18-аас дээш насны иргэд тамхи худалдан борлуулах эрхтэй байдаг юм байна.

Риши Сунакын өргөн барьсан энэ хуулийг засгийн газар баталбал Англи, Умард Ирланд, Шотланд, Уэльсийн нутаг дэвсгэр дээр энэ хууль үйлчилж эхлэх юм байна. 1970 оноос хойш Их Британид тамхи татдаг хүний тоо гуравны хоёроор буурсан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ одоо ч улс даяар 6,4 сая иргэн буюу нийт хүн амын 13 хувь тамхи татсаар байгаа гэдгийг албаны судалгаагаар харуулсан байна. 2007 онд Их Британийн засгийн газраас тамхи зарж борлуулах нас 16 байсныг 18 болгож дээшлүүлсэн. Ингэсний ачаар 16-17 насныхны дунд тамхидалт 30 хувь буурсан үзүүлэлттэй байгааг ерөнхий сайд онцоллоо.

ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Риши Сунак "Бидний зүгээс амь нас, эрүүл мэндэд үзүүлэх хор хохирлыг нь бүрэн урьдчилан сэргийлж чадах асуудлыг хэлэлцэж байна. Манай улсад хорт хавдраар нас барсан хүмүүсийн дөрвөн хүн тутмын нэг нь тамхинаас болсон байна. Жил бүр 64 мянган хүн манай улсад тамхинаас болж нас барж байна. Минут тутам тамхитай холбоотой түргэн тусламжийн дуудлага ирж байна. Тамхинаас үүдэлтэй цус харвах, зүрхний өвчин, зөнөх өвчин, зулбалт зэрэг өвчнүүд улам газар авч байна. Одооноос бид тамхины эсрэг дорвитой арга хэмжээ авах болно. Таван хүн тутмын дөрөв нь 20 хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн байна. Залуучууд тамхинаас болж амьдралаа богиносгож байна. Ихэнх нь хожуу тамхинаас гарах гэж оролддог ч хэт оройтсон байдаг. Хэрвээ энэ хэлхээг болиулж чадвал ирээдүйд тамхигүй үеийг бүтээх бүрэн боломжтой юм" хэмээн ярилаа.

Риши Сунак мөн электрон тамхины асуудлыг цэгцэлнэ гэдгээ амлалаа. Их Британийн эрүүл мэндийн салбарынхан мөн Риши Сунакын тамхины тухай шинэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Их Британийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг тамхины бизнесийн салбараас дээгүүр тавьсанд талархалтай байна гэдгээ илэрхийлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ-д тамхины хэрэглээг зөвшөөрсөн насны хязгаарыг ахиулна  
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй