Шууд Chart

ИБУИНХУ-ын эрх баригчид дүрвэгчдийн урсгалыг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэв

2023-10-05 17:09:36

Өнгөрөгч Лхагва гарагт Их Британий эрх баригч консерватив намын бага хурал Манчестер хотноо боллоо. Энэ хуралд Их Британийн эрх баригчид улс үндэстэнд нь тулгараад байгаа гол асуудлууд тэдгээрийн гарц шийдлийн талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэр дундаа олон улсад хамгийн их анхаарал татсан асуудал болоод байгаа цагаач дүрвэгсэд, шилжин суурьшигчдын тоо сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрсэн хэмжээнд нэмэгдэж байгаа талаар ерөнхий сайд Риши Сунак болон дотоод хэргийн сайд Суелла Браверман нар ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Европын улс орнууд руу шилжин ирэгсдийн тоо эрс нэмэгдэж байна. Шенгений бүсэд гэхэд шилжин ирэгсдийн тоо өмнө жилүүдийнхээс хэд нугалсан хэмжээгээр нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Тэгвэл Их Британи улсын хувьд мөн цагаач, шилжин ирэгсдийн тоо эрчимтэй нэмэгдэж, анхаарал хандуулах цаг болсон гэдгийг эрх баригчид нь онцоллоо. Тодруулбал, Их Британид шилжин ирэгсэд голцуу дүрвэгсэд нь завиар далай гатлан ирж байгаа нь асуудлын гол гэдгийг ерөнхий сайд Риши Сунак онцолсон юм.

Риши Сунак ИБУИНХУ-ын ерөнхий сайд “Хууль бусаар цагаачлах асуудлыг бид өнөөдөр заавал ярих ёстой. Асуудлын гол нь дүрвэгсдийг хууль бусаар завиар хил давуулж байгаа гэмт бүлэглэлүүдийн эсрэг хуулийн хатуу хариуцлага тооцох цаг нь болсон. Энэ улсад хэн шилжин ирэхийг гэмт бүлэглэлүүд биш Их Британийн ард иргэд шийддэг байх эрхтэй. Хууль бусаар хил давж байгаа усан онгоц, завинуудыг мөдхөн бүгдийг нь зогсооно гэдэг амаргүй нь мэдээж. Сүүлийн дөрвөн жилд шилжин ирэгсэд улам нэмэгдэхэд засгийн газар үүнийг зогсоох боломжгүй гэж харсаар ирсэн. Гэхдээ тийм биш гэдгийг хамгийн сүүлийн үеийн баримт харуулж байна. Энэ жил анх удаа хууль бусаар хил давж байгаа завины тоо 20 хувиар буурсан байна” гэж ярилаа.

Ерөнхий сайд Риши Сунак өнөөдөр үргэлжлүүлэн Испани улсад болж буй Европын орнуудын удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Европын 47 орны тэргүүн чуулсан энэ хурал дээр тус тивийн шилжих хөдөлгөөн, хууль бус цагаачлалын асуудлыг Риши Сунак хөндөх төлөвтэй байна. Энэ хурлыг Риши Сунак Итали улсын ерөнхий сайд Жоржиа Мелонитай хавсран даргална. Тэгвэл шилжин ирэгсдийн асуудал дээр Их Британийн дотоод хэргийн сайд Суэлла Браверман мөн өөрийн байр суурийг Консерватив намын бага хурал дээр илэрхийлсэн байна. Их Британи дахь шилжин ирэгсэд, орогнол хүсэгчдийг орон байраар хангадаг буудлуудыг хаах талаар засгийн газар хэлэлцэж байгааг мэдэгдсэн байна.  Мөн завиар хил давсан дүрвэгсдийг хил дээр саатуулж, хаанаас ирсэн тэр улсад нь нэн даруй мэдэгдэх арга хэмжээ авдаг хуулийн төслийг боловсруулахыг уриалсан байна. Одоогийн байдлаар хууль бусаар Их Британийн хилийг нэвтэрсэн иргэдээ татан авахаар Руанда улстай л зөвшилцсөн байгааг мөн мэдэгдсэн юм.

Суэлла Браверман ИБУИНХУ-ын дотоод хэргийн сайд “Одоо үеийн энэ их шилжин ирэгсдийн давлагаатай 20-р зууны үеийн цагаачлалын хэмжээг харьцуулбал тэр үед асар бага хүн ирдэг, ирэхэд ч хэцүү байжээ. Жил ирэх тутам гадны оюутнууд Их Британид ирж, энэ улсаас хамааралтай болсоор байна. Тиймээс оюутны визийг дагаад гэр бүлийнхэн нь энд ирж цагаачилдаг тогтолцоог өөрчилж эхэлсэн. Гэхдээ энэ бол амаргүй ажил. Эрх баригчид одооноос тууштай ажиллаж, Их Британийн хилийг зөвхөн хууль ёсны дагуу нэвтэрдэг хилийн хуультай болох болно” хэмээн онцоллоо.

2050 онд Их Британийн хүн амын тал хувийг цагаачид болон тэдний үр удам эзлэн гэсэн алсын тооцоолол гарсан байна. Энэ нь Неолитийн үеэс хойш анх удаа Их Британид соёлын үнэт зүйл, хэв ёсны хувьд өөрчлөгдөж, олон үндэстнээс бүрдэх цаг ирж байгаа гэсэн үг юм. Шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг зохицуулж чадвал хөгжил цэцэглэлт авчирч чадна, зохицуулга муу бол үндэстний хувьд их аюул дагуулна гэдгийг шинжээчид онцолж байна.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ-ын эрх баригчид дүрвэгчдийн урсгалыг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэв   
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй