Шууд Chart

АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нар ирэх сард Сан-Францискод уулзаж магадгүй

2023-10-08 12:32:06

АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ирэх сард Сан-Франциско хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын хүрээнд уулзаж магадгүй байна.

Дэлхийн нэг, хоёр дахь том эдийн засаг, Америк, Хятад улсуудын хооронд худалдаа, эдийн засгийн хориг хязгаарлалт, Украины дайн, Тайваний асуудал гээд байр суурины зөрүүтэй, маргаж байдаг олон асуудал бий. Хамгийн сүүлд Америкийн засаг захиргаа Хятад руу дэвшилтэт компьютерын хагас дамжуулагч экспортлоход хязгаарлалт тогтоосон. Одоогоор уулзалт товлоогүй ч уулзах боломжтой гэж Байден Цагаан ордонд болсон хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Хэрвээ уулзвал энэ нь Байден, Ши нарын хувьд өнгөрсөн оны 11-р сард Индонезид нүүр нүүрээ харж уулзсанаас хойших анхны дээд хэмжээний уулзалт болох юм. Цагаан ордон Байден Ши нарын хооронд Сан Францискод уулзалт зохион байгуулахаар бэлтгэл хангаж эхэлсэн тухай Вашингтон Пост пүрэв гарагийн дугаартаа албаны хүний яриаг иш татан мэдээлсэн байна.

Өнгөрсөн 9-р сарын сүүлээр АНУ болон Хятадын дипломат албаны өндөр тушаалын хүмүүс Вашингтонд уулзсан, энэ нь хоёр орны төрийн тэргүүн нарын хооронд дээд хэмжээнд уулзах бэлтгэлийг хангасан байж магадгүй гэсэн таамагт хүргэсэн. Вашингтон Бээжин хоёр дээд түвшинд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр өнгөрсөн сард тохирсон. Хоёр талын харилцаа сүүлийн жилүүдэд нэлээн ярвигтай байж ирсэн. Энэ оны эхээр Америк Хятадын тагнуулын бөмбөлгийг буудаж унагасан, Хятадын засгийн газар Америкийн худалдааны сайдын цахим шууданг хакердсан, сая америк компьютерын хагас дамжуулагчийн экспортдоо хязгаар тавилаа.

Мөн Украины дайнд хоёр улсын байр суурь асар зөрүүтэй, Тайваний талаар байнга зөрчилдөж байдаг гээд харилцааны төвөгтэй олон асуудал бий. Америк Хятад хоёр хэдийгээр олон зүйл дээр байр суурины зөрүүтэй, харилцаа нь таагүй уур амьсгалтай байгаа ч худалдаа, эдийн засгийн өргөн хамтын ажиллагаатай, энэ үүднээс дээд түвшиндөө зарчмын тохиролцоонд хүрч, ойлголцох шаардлага тулгарч байдаг.


АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нар ирэх сард Сан-Францискод уулзаж магадгүй   
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй