
Өнгөрсөн Бямба гарагт Газын зурваст хяналтаа тогтоосон Палестины зэвсэгт Хамас бүлэглэл Израил улсын нутагт өргөн хүрээтэй гэнэтийн зэвсэгт довтолгоо явуулж, газар нутагт нь цөмрөн орсон. Сүүлийн 50 жилд тохиолдоогүй өргөн хүрээтэй халдлагын хариуд Израил улс Хамас бүлэглэлийн эсрэг дайн зарлаж, Газын зурваст агаараас хүчтэй довтолгоо явуулж байна. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөний улмаас одоогийн байдлаар Израилд 900 орчим хүн, Газад 700 орчим хүн амиа алджээ. Мөн 4000 орчим хүн гэмтэж, шархадсан байна.
НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлж байгаагаар, дайны улмаас 2,3 сая хүн амтай Газын зурвасын 120 мянган хүн дүрвэсэн байна. Мөн 100 гаруй мянган иргэн хоргодох байранд байна. Израилын батлан хамгаалах хүчний мэдээлж байгаагаар Газын зурвасын ойр орчимд оршин суудаг энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж дууссан байна. Одоо Израилын арми газар нутагтаа бүрэн хяналтаа тогтоосноо зарлаж Газын зурвастай хиллэдэг бүсийн дагуу танк агаарын довтолгооноос хамгаалах системээ байршуулж агаарын цохилтоо үргэлжлүүлж байна.
Өнгөрсөн Бямба гарагаас хойш Израил улс, Газын зурваст 5000 орчим пуужин харвасан байна. Зөвхөн өнгөрсөн шөнийн байдлаар гэхэд 1700 гаруй пуужин харважээ. Хамас бүлэглэл Израилын армийн офицеруудыг оролцуулаад одоогийн байдлаар 100 гаруй хүнийг барьцаалсан байна. Амиа алдсан хүмүүсийн дотор дэлхийн олон улс орны иргэд багтаж байна. Тухайлбал, Тайландын 12 иргэн, АНУ-ын 11, Непал улсын 10 иргэн, Аргентин, Украин, Британи, Франц, Орос, Канад зэрэг 20 орчим улсын иргэд зэвсэгт мөргөлдөөний улмаас амиа алджээ.
Мөн Туркийн Анадолу агентлагийн 2 сэтгүүлч үүрэгт ажлаа хийж яваад амиа алдсан байна. НҮБ-ын аюулгүйн зөвлөл Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлыг яаралтай горимоор хэлэлцэж хуралдсан боловч дорвитой шийдвэрт хүрсэнгүй дахиж хэлэлцэхээр товлосон байна. НҮБ-ын тэргүүн Гутерреш Хамас бүлэглэлийг халдлагаа зогсоож барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллахыг уриалж байна. Мөн Газын зурваст байгаа Палестины иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэх шаардлагатай байгааг мэдэгдэж байна.
Израил улс Газын зурваст бүрэн бүслэлт тогтоохоо мэдэгдсэн. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Израилын арми Хамас бүлэглэлийн эсрэг 300 мянган нөөц цэрэг татан төвлөрүүлж байна. Харин Исламын Хамас бүлэглэл 30 мянган гишүүнтэй гэж үздэг. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар Израил улс олон улсын амь насанд хүрсэн гэнэтийн халдлагын хариуг маш хүчтэй өгч байна. Үүгээр ч зогсохгүй үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлж одоо зөвхөн агаар зам гэлтгүй хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Хэрвээ Израил хуурай замаар довтолсон нөхцөлд Хамас бүлэглэлийг богино хугацаанд буулган авах боломжтой гэж дүгнэжээ.
Израилын хүчин Газын зурвас руу агаарын хүчтэй довтолгоо явуулж байна | ||
Үзсэн: 766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.