
Палестины зэвсэгт “Хамас“ бүлэг долоо хоногийн өмнө Израил руу халдан довтолсны хариуд Израил улс газрын ажиллагаа явуулахаар зэхэж байна.
Энэ хооронд Газын зурваст 1900 шахам хүн амь үрэгдэж, Израилд амь үрэгдэгсдийн тоо 1300-аас давсан тухай хоёр тал мэдээлжээ.
Мөн Израилийн тал бүслэлтэд байгаа Газын зурвасын нэг сая гаруй иргэнийг нутгийн өмнөд рүү нүүхийг шаардсанаас палестинчууд олноор дүрвэж эхэлсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газын зурвасын хүн амын тэн хагас шахмыг нүүлгэн шилжүүлнэ гэдэг “онц аюултай”, зарим тохиолдолд “ямар ч боломжгүй” гэдгийг мэдэгдэж, “Дайнд ч гэсэн дүрэм байдаг. Олон улсын хүмүүнлэгийн хууль, хүний эрхийн хууль дүрмийг хүндэтгэж баримтлах ёстой. Энгийн иргэдийг хамгаалж, хэрхэвч бамбай болгож ашиглах учиргүй” гэж хэлжээ.
Газын зурваст нөхцөл байдал “нэн аюултай түвшин рүү дор орсныг” мэдэгдэж, Израилыг шаардлагаа цуцлахыг уриалсан байна.
Ийм нүүлгэн шилжүүлэлт болбол Газын зурвасын хоёр сая гаруй хүн ам ердөө 40 км-ийн зурваст хашигдах болох юм. Израилын Батлан хамгаалахын сайд Иоав Галант “Бид Хамасын дэд бүтцийг, төв байруудыг устгаж, “Хамас“ хэмээх үзэгдлийг Газын зурвас төдийгүй дэлхий ертөнцөд үгүй болгоно” гэж мэдэгджээ.
Мөн Израилын цэргийнхэн "Хамас"-ын дайтагчидтай тэмцэж тэдний барьцаанд байгаа гэх 150 орчим хүнийг олохоор Газын зурваст түр ажиллагаа явуулсан байна.
"Хамас" бүлгийн Хэвлэлийн албанаас Израилын цэргийн онгоцууд нутгийн өмнөд рүү дүрвэгчдийн цуваа руу довтолсноос 70 гаруй хүн амь эрсэдсэн тухай мэдэгдсэн. Израилын тал энэ мэдээлэлд тайлбар хийгээгүй байна.
Энэ зуур палестинчууд болон Египетийн зарим албаны хүмүүсийн зүгээс Израил Газын зурвасын оршин суугчдыг Египеттэй залгаа өмнөд хилээр нутгаас нь түрж гаргахаар санаархаж байх вий гэж болгоомжилж байна.
Иерусалимын Стратеги, аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Эфраим Инбар мөн "Хамас"-ын барьцаанд байгаа хүмүүс бол хүмүүнлэгийн асуудал. Гэхдээ Израилын цэргийн ажиллагааны үүднээс тэд хоёрдогч байр сууринд байгаа” гэдгийг ярьжээ.
"Хамас" бүлэг өмнө нь барьцааны 13 хүн Израилын бөмбөгдөлтөд өртөж амь үрэгдсэн тухай мэдэгдсэн. Тэдний дунд гадаадын иргэд байсан гэсэн боловч аль улсын харьяат гэдгийг тодруулаагүй байна.
Антонио Гутерреш: Газын зурвасын нөхцөл байдал “Улам хүнд, аюултай түвшинд" хүрээд байна | ||
Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.