Шууд Chart

Рублийн ханшийг дэмжих үүднээс Оросын экспортын гол компаниудыг валютын ашгаа арилжихыг даалгажээ

2023-10-14 14:05:10

Оросын нефть экспортын орлого өнгөрсөн есдүгээр сард 18.8 тэрбум ам.доллар болсон байна. Өмнөх сарынхаасаа 10.6 хувиар өссөн энэ үзүүлэлт, 19 тэрбум ам.долларт хүрч байсан өнгөрсөн оны долоодугаар сарын дээд үзүүлэлт рүү маш ойртсон дүн болсныг Олон улсын Эрчим хүчний агентлагийн тойм мэдээ харуулж байна.

Харин жилийн өмнөх буюу 2022 оны есдүгээр сарынхаас энэ нь 22.9 хувиар өссөн дүн юм байна.

Үүний зэрэгцээ Оросын эрх баригчид рублийн ханшийг дэмжих үүднээс экспорт эрхлэгч гол салбарынхныг валютын ашгаа дотооддоо заавал арилжихыг үүрэгдсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

ОУЭХА-ын тайлангаас үзвэл, Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ өнгөрсөн сард 6.4 хувиар буюу хоногт 460 мянган баррелиар нэмэгдсэн юм байна.

Энэ нь хоногт 7.6 сая баррелийг гадагш гаргаж байсан гэсэн үг юм байна. Экспортын хэмжээ нь ингэж нэмэгдсэнээс гадна Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүний үнэ өндөрссөн нь орлого өсөхөд гол түлхэц үзүүлсэн байна.

Мөн Энэтхэг, Хятад улс Оросын нефтийн хамгийн гол худалдан авагчид хэвээр байгааг ОУЭХА-ын шинжээчдийн илтгэлд дурдсан. Энэ агентлагийн тооцоогоор, Оросын түүхий нефтийн экспортын дундаж үнэ баррель тутамд 8 ам.доллараар нэмэгдэж, баррель нь 81.8 ам.долларт хүрээд байгаа юм байна.

Оросын Сангийн яам мөн “Уралс” маркийн нефтийнх нь дундаж үнэ өнгөрөгч есдүгээр сард баррель нь 82 ам.доллараас давж өссөнийг мэдээлсэн байна.

Ташрамд дурдахад, энэ нь өрнөдийн орнуудаас Оросын нефтийн үнэд тогтоосон дээд хязгаараас 20 гаруй ам.доллараар давсан үнэ юм.

Үүний зэрэгцээ Оросын экспорт эрхлэгч томоохон компаниудыг хагас жилийн хугацаанд валютын ашгаа дотооддоо арилжаалахыг үүрэг болгосон шийдвэрээ Оросын эрх баригчид лхагва гарагт зарласан байна. Рублийн ханшийг тогтворжуулах зорилгоор Ерөнхийлөгч Владимир Путин ийм зарлиг гаргаж, энд хамрагдах компани, аж ахуйн нэгжүүдийг жагсаалтаар баталсныг Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн нотолсон байна.

Түлш-эрчим хүч, хар болон өнгөт төмөрлөгийн, химийн болон тариалангийн салбарын 43 бүлэг компани энд нэр багтсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Энэ шаардлагыг хэрэгжүүлснээр рублийн арилжааны идэвх сайжирч, хөрвөх чадвар нь нэмэгдэж, ханшийн тогтворгүй байдал нь буурна гэж Оросын төв банк үзэж байна.

Тус банкны Хэвлэлийн албаны энэ тухай мэдээллийг “Интерфакс” нийтэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Рублийн ханшийг дэмжих үүднээс Оросын экспортын гол компаниудыг валютын ашгаа арилжихыг даалгажээ  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй