Шууд Chart

Хятадын томоохон төрийн өмчит банкны экс ерөнхийлөгч хахууль авсан хэргээр баривчлагджээ

2023-10-16 15:56:09

Тус улсын хэвлэлүүд Хятадын төрийн өмчит Эвербрайт банкны ерөнхийлөгч асан Ли Сяопэнг хахууль авсан хэргээр баривчлагдсан талаар пүрэв гарагт мэдээлэв.

Эвербрайт банкны ерөнхийлөгчийн албан үүргийг хашиж байсан Ли Сяопэнг "хахууль авсан хэргээр баривчлагдлаа" гэж төрийн мэдээллийн Синьхуа агентлаг Ардын дээд прокурорын газрын тушаалаас иш татан мэдээлэв.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин засгийн эрхийг авснаасаа хойш авлигын эсрэг эрчимтэй тэмцэл өрнүүлэн улс төрчдийг “цэвэрлэж” буй нь эхлүүлсэн үйл хэрэгтээ үнэнч байгаагийн баталгаа болж байна.

Ли-г “хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн” гэж үзэн эрх баригч Хятадын Коммунист намаас хөөж, төрийн албанаас огцруулан баривчилжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, "Ли нь албан тушаалтныг томилохдоо ашиг хонжоо харж, өөрийн холбоо хамаарал бүхий этгээдийн бизнесийн үйл ажиллагааны ашгийг нэмэгдүүлэхийн тулд эрх мэдлээ урвуулан ашигласан" буюу бэлэг, хахууль авсан, намын бодлогыг эсэргүүцсэн, мөн мөрдөн байцаалтын явцад саад учруулахыг оролдсон нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

Ли нь эдийн засагч мэргэжилтэй, ажил амьдралынхаа ихэнх хугацааг санхүүгийн салбарт өнгөрүүлсэн. Тэрээр 2022 оны 3-р сард Эвербрайт банкны ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохоос өмнө Хятадын хэд хэдэн томоохон банканд удирдах албан тушаал хашиж байжээ.

Хятад улсын авлигатай тэмцэх дээд байгууллага энэ оны 3-р сард Хятадын Эвербрайт групп болон бусад томоохон санхүүгийн байгууллагууд зэрэг төрийн өмчит 30 аж ахуйн нэгжид чиглэсэн "хяналт шалгалтын аялал" эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Тус ажлын хүрээнд өнгөрөгч сард Хятадын даатгалын хамгийн том байгууллага болох “China Life Insurance” төрийн өмчит корпорацын ерөнхийлөгч асан Ван Бинь хахууль авсан, гадаадын банкин дахь хадгаламжаа нуун дарагдуулсан нь тогтоогдож, цаазаар авах ялаар шийтгэгдсэн. Түүнд оноосон цаазын ялыг 2 жилийн дараа бүх насаар хорих ялаар сольж болно, тэнсэх боломжгүй гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалж:  https://www.businesstimes.com.sg


Хятадын томоохон төрийн өмчит банкны экс ерөнхийлөгч хахууль авсан хэргээр баривчлагджээ  
Үзсэн: 851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй