Шууд Chart

НҮБ-ын аюулгүйн зөвлөл ОХУ-ын санал оруулсан тогтоолыг дэмжсэнгүй

2023-10-18 11:14:40

Израил-Хамасын дайны асуудлаар Оросын боловсруулж, санал оруулсан тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэмжсэнгүй. Шалтгаан нь уг тогтоолын төсөлд Газын Зурваст нэн даруй гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах, хүмүүнлэгийн тусламж оруулах, энгийн иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх тухай тусгасан боловч Палестины Исламын зэвсэгт Хамас бүлэглэлийг нэр заахгүйгээр энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэж, террор үйл ажиллагаа явуулж байгааг зэмлэн буруутгасан байна.

Аюулгүйн зөвлөлд болсон санал хураалтад Орос, Хятад, Арабын нэгдсэн Эмират болон өөр хоёр гишүүн улс дэмжсэн санал өгсөн бол АНУ, Британи, Франц, Япон улсууд эсрэг санал өгч, үлдсэн 6улс нь түдгэлзжээ. Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүнээс нэг нь ч эсрэг санал өгөхгүй, хориг тавихгүйгээр нийт 15 гишүүний наанадаж 9 нь дэмжсэн санал өгсөн нөхцөлд санал оруулсан тогтоол батлагддаг журамтай.

ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя “Өнөөдрийн санал хураалт хэн нь бөмбөгдөлтийг зогсоож, хүмүүнлэгийн тусламж оруулахын төлөө байна вэ, хэн нь хувиа хичээсэн байдал, улс төрийн ашиг сонирхлын үүднээс Аюулгүйн Зөвлөлөөс гарах шийдвэрийг хааж боож байна вэ гэдгийг тодорхой харууллаа. ” гэж ярилаа.

АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд “Зөвлөлдөхгүйгээр оруулж ирсэн Оросын тогтоолын төсөлд Хамас-ын талаар дурдаагүй. Хамасыг буруутгасан ямар ч үг өгүүлбэр алга. Орос гэм зэмгүй энгийн иргэдийг харислаж байгаа Террорист бүлэглэлийг хамгаалж байна. Энэ бол хоёр нүүртэй, өмгөөлөх аргагүй үйлдэл. НҮБ Хамасын терроризмыг үйл тоомсорлож, хохирогчдыг үйл ойшоож байгаа Оросын энэ тогтоолыг дэмжиж болохгүй." гэж онцоллоо.

Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа Бразил улс Хамас бүлэглэлийг зэмлэн буруутгасан агуулгатай өөр нэг тогтоолын төслийг  өнөөдөр өргөн барьж, санал хураах юм байна. Олон улсын аюулгүй, энх тайван байдлыг сахин хамгаалах үүрэгтэй НҮБ-ын хамгийн хүчирхэг байгууллага Аюулгүйн Зөвлөл Израил-Хамасын дайн 10-аад хоногийн өмнө эхэлснээс хойш хоёр удаа хаалттай хуралдсан, гэвч дайныг зогсоох талаар тодорхой шийдвэрт хүрч чадахгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын аюулгүйн зөвлөл ОХУ-ын санал оруулсан тогтоолыг дэмжсэнгүй  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй