Шууд Chart

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарлаа

2023-10-19 16:30:16

БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээр Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарсан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсөхөд үйлчилгээний салбарын сэргэлт болон өргөн хэрэглээний барааны эрэлт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Эндээс харахад оны сүүлээр Хятадын эдийн засаг мөн эерэг өсөлттэй гарна гэсэн хүлээлттэй байна гэж үндэсний статистикийн хорооноос нь мэдээлж байна. Тэгвэл Хятадын эдийн засгийн гуравдугаар улирлын төлөв байдлыг салбар бүрээр нь авч үзье.

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2023 оны 1-ээс 3-р улиралд нийтдээ 91 их наяд юань буюу 12 их наяд америк долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн хугацаатай харьцуулахад 5,2 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин 3-р улирлыг дангаар нь аваад үзвэл өмнө жилийнхээс 4,9 хувиар өссөн байна. Оны эхний хагаст гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлтийн хүлээлт 4,6 байснаас энэ нь давсан үзүүлэлт юм. Харин улирал тус бүрээр нь авч үзвэл гуравдугаар улирлын өсөлт өмнөх улирлаасаа 1,3 хувийн өсөлттэй байна.

Хятадын эдийн засгийн голлох гурван салбарын дотор үйлчилгээний салбар 23 оны эхний гурван улирлын байдлаар 6 хувийн өсөлттэй гарсан. Үүнд, зочлох үйлчилгээ, мэдээлэл харилцаа холбооны салбар, түрээсийн үйлчилгээ, тээвэр, шуудан холбоо, банк санхүүгийн үйлчилгээний салбар багтана. Аж үйлдвэрийн салбар мөн 4 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбар дотроо гурав хуваагдана. Үүнд, уул уурхайн салбар 1,7 хувийн өсөлттэй, эрчим хүч, дулаан, усан хангамж үйлдвэрлэлийн салбар 3,5 хувийн өсөлттэй, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар 4,4 хувийн өсөлттэй байна. Аж үйлдвэрийн салбар дундаас онцлох нь сэргээгдэх эрчим хүчний салбар нэн хурдацтай хөгжиж байна. Нарны эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн жилтэй харьцуулахад 63 хувь өсөж, цахилгаан машины зайн үйлдвэрлэл 34 хувь өсжээ. Мөн ногоон эрчим хүчээр ажиллах автомашины үйлдвэрлэл 26 хувийн өсөлттэй байна.

Эдгээрээс гадна өргөн хэрэглээний барааны эрэлт нэмэгдэж, 23 оны эхний гурван улирлын байдлаар 34 их наяд юань буюу 4 их наяд америк доллар зөвхөн энэ салбарт эргэлдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 6,8 хувиар өссөн гэсэн үг. Үүнээс 30 их наяд юань нь ахуйн бараа бүтээгдэхүүн, 4 их наяд нь хоол хүнс, ус ундааны борлуулалтын дүн юм. Бараа бүтээгдэхүүн борлуулалтаас онцлууштай нь онлайн худалдаагаар нийт 10 их наяд юань эргэлдсэн гэсэн тоо баримт байна. Энэ нь мөн л өмнө жилийнхээс 11,6 хувиар өссөн тоо юм. Түүнчлэн капиталын хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс нэмэгдэж, 37 их наяд юаньд хүрсэн байна. Үүнээс дэд бүтэц, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа бол үл хөдлөх хөрөнгийн арилжаа болоод хөрөнгө оруулалт аль аль нь буурсан үзүүлэлттэй байгаа нь энэ салбар одоо ч сэргэх шатандаа ороогүй байгааг харуулж байна. Үл хөдлөхийн салбар өнгөрсөн жилээсээ 7,5 хувийн бага өсөлттэй гарсан нь энэ салбараас олсон ашиг 9 их наяд юаниар буурсан гэсэн үг.

Харин технологийн салбар, агаарын тээвэр, сансрын салбар, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн салбарын хөрөнгө оруулалт тус тус нэмэгдсэн байна. Гадаад худалдааны эргэлтийн тухайд өнгөрсөн жилээс ялимгүй буурч, 30 их наядаар хэмжигдэж байна. 9-р сард дангаараа импорт, экспорт 3 их наяд юанийн эргэлттэй байсан нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт боловч өнгөрсөн жилийн 9-р сартай харьцуулахад 6,2 хувиар агшсан үзүүлэлт болж байна.

Гадаад худалдааны хувьд гол түншлэгч боловч энэ онд худалдааны харилцаа буурсан орнуудад Европын Холбоо, АНУ, Зүүн Өмнөд Азийн орнууд, Япон, Өмнөд Солонгос орж байна. Харин бүс ба зам санаачилгад нэгдсэн орсон орнуудтай хийсэн худалдааны харилцаа 3 хувиар өссөн байна. Ерөнхийд нь аваад үзвэл, Хятадын эдийн засаг аажмаар сэргэж байна. Дэлхийн 2 дахь том эдийн засагтай орны хувьд энэ улсын эдийн засгийн хэлбэлзэл дэлхий дахинд нөлөөлдөг. Тиймээс цаашдын төлөвийг харж ажиглаж байх нь олон улсад нэн хамааралтай зүйл гэдгийг шинжээчид тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарлаа  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй