Шууд Chart

ОХУ-ын Төрийн Дум Цөмийн туршилтыг хориглох гэрээг соёрхон баталсныг цуцлах хууль батлав

2023-10-20 10:03:26

Оросын Төрийн Дум Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг батламжилсан шийдвэрээ хүчингүй болголоо.

Энэ тухай хуулийн төслийг Төрийн Дум хоёр болон гурав дахь уншилтаар нь шууд дэмжин баталсан байна.

Гэхдээ Орос тус гэрээнээс гарсан бус, харин түүнийг соёрхон баталсан шийдвэрээ хүчингүй болгосон хэрэг гэдгийг Думын депутатууд тэмдэглэжээ.

Үүнтэй зэрэгцэн ОХУ-ыг цөмийн туршилтаа сэргээж, зэвсгээр хөөцөлдөх явдлыг улам дэвэргэх вий гэдэг болгоомжлол олон улсад яригдаж байна.

Оросын Төрийн Думын энэ шийдвэрийг Москвагийн зүгээс АНУ-тай адил тэнцүү байр сууринаас асуудалд хандаж байгаа гэдгээр тайлбарлаж байна. Тухайлбал, Төрийн Думын дарга Вячеслав Володин улс орнууд үүрэг хариуцлага хүлээсэн бол энэ гэрээг батламжлах ёстой байсан. Ялангуяа “АНУ асуудлыг өөр дээрээ авч үзэж, үлгэр үзүүлэх ёстой байсан” гэж мэдэгджээ.

Төрийн Думын шийдвэрлэснээр ОХУ Цөмийн туршилтыг хориглох гэрээнд гарын үсэг зурсан нь хүчинтэй хэвээр, цөмийн туршилтуудын талаарх тоон мэдээллээ олон улсын хяналтын системд тайлагнасан хэвээр байна.

Гэхдээ энэ шийдвэр Дээд танхим-Холбооны зөвлөлөөр хэлэлцэгдэх үед Москва гэрээнээс бүрмөсөн гарахаар болж мэдэх магадлал өндөр гэдгийг Вячеслав Володин дурдсан байна.

Баримт бичгийг ирэх долоо хоногт Холбооны зөвлөлд хэлэлцүүлж, үүнээс гарах шийдвэрийг Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурж баталгаажуулах учиртай байна. Цөмийн туршилтыг хориглох гэрээг ОХУ соёрхон баталсныг буцаах тухайд Ерөнхийлөгч Владимир Путин “Валдай” клубын уулзалт дээр анх асуудлыг хөндсөн.

Энэ сарын эхээр болсон “Валдай” клубын уулзалт дээр Владимир Путин Оросын цөмийн номлолыг өөрчлөх шаардлага байхгүй. Гэхдээ цөмийн туршилтыг хориглох тухай гэрээг АНУ батламжлаагүй учраас ОХУ мөн соёрхон баталснаа буцаах талаар бодож үзэх боломжтой гэж ярьжээ.

Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн дараа нь гэрээний батламжлалыг буцааснаар Москва цөмийн туршилтууд хийх бодолтой байгаа гэсэн үг биш гэж мэдэгдсэн юм.

Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг 1996 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей анх баталсан, ОХУ 2000 онд уг гэрээг соёрхон баталжээ. Гэвч АНУ-аас гадна Хятад, Энэтхэг, Умард Солонгос, Израил, Иран, Египет улсууд соёрхон батлаагүйгээс энэ хэзээ ч бүрэн хүчин төгөлдөр болж хэрэгжээгүй байна.

ОХУ-ын шийдвэр өрнөдийн орнуудаас Украинд үзүүлж байгаа дэмжлэгийн хариуд эндэх цэрэг дайны ажиллагаагаа өргөжүүлэх эрсдэл дагуулж мэднэ гэдэг болгоомжлолыг шинжээчдийн зүгээс илэрхийлж байна. Украин гэхэд  Оросын энэ шийдвэрийг цөмийн зэвсгээр айлган сүрдүүлэх оролдлого гэж нэрлэжээ.

Британийн олон улс судлалын “Чатем хаус” төвийн шинжээч Патрисиа Льюис “Цөмийн зэвсгийн хориг саадгүй орчны шинэ үечлэлд бид орлоо. Эндээс цаашлаад цөмийн зэвсэг дэлгэрүүлэх аюул ч дагалдаж мэдэх юм. Цөмийн зэвсэгтэй улс орнууд энэ зэвсгээ ахин дахин ярихын хэрээр бусад улс ч бас энэ төрлийн зэвсэглэл хөгжүүлэх эсэх тухайд байр сууриа эргэн харах нь нэмэгдэх болно” гэжээ. 

Вена дахь олон улсын байгууллагуудад суугаа Оросын төлөөлөгч Михаил Ульяновын тухайд “ОХУ цөмийн туршилтуудыг түрүүлж сэргээхгүй. Харин Вашингтон сэргээвэл Москва мөн “адил замаар замнахад хүрнэ” гэсэн Владимир Путины байр суурийг дэмжиж байгаагаа ярьсан байна.

Мөн энэ байдал “Наточуудад” төдий л нөлөөлөхгүй байх. Харин “ОХУ-тай нөхөрсөг харилцаат орнууд “урам хугарч” мэднэ. Энэ байдлыг харгалзах нь зүйтэй гэж тэрбээр “Россия-24” телевизэд ярьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Төрийн Дум Цөмийн туршилтыг хориглох гэрээг соёрхон баталсныг цуцлах хууль батлав   
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй