Шууд Chart

Улс орнууд Ливан улсыг нэн даруй орхин явахыг иргэддээ анхааруулж байна

2023-10-20 15:24:22

Израил болон Ливаны исламын "Хезбола" бүлгийн хоорондох хилийн мөргөлдөөн нэмэгдэж байгаа үед дэлхийн улс орнууд ард иргэдээ Ливан улсыг нэн даруй орхихыг анхааруулсаар байна.

АНУ болон Их Британийн Ливан улс дахь Элчин сайдын яамдаас эдгээр зөвлөгөөг гаргаж байна. Мөн Ливаныг зорьж ирэхгүй байхыг анхааруулсан байна.

АНУ-ын Элчин сайдын яамнаас иргэдээ Ливаныг орхиж явахыг зөвлөсөн мэдэгдэлдээ одоогоор бүх төрлийн нислэг боломжтой байгаа тул нэн даруй явахыг албан ёсоор хүсэж байна гэсэн бол Их Британийн Элчин сайдын яам мөн ижил утгатай мэдэгдэл гаргасан байна.

АНУ-ын Төрийн департаментаас мөн Ливан руу хийх нислэгүүдийн зөвлөмжийг 3-4-р түвшин буюу өндөржүүлсэн байдал руу шилжүүлжээ. Түүнчлэн Элчин сайдын яаманд ажилладаг дээд албан тушаалтан биш хүмүүсийг гэр бүлийнхний хамт Ливаныг орхихыг үүрэгдлээ.

Өөр бусад барууны орнууд, мөн Саудын Араб, Кувейт зэрэг Арабын орнууд ч Ливанаас иргэдээ татахаар ажиллаж байна.

Ливаны "Хезбола" бүлэг Палестины "Хамас" бүлэглэлийг дэмжих агуулгаар Израилын хилийн зурвасыг бөмбөгдөж, хоёр тал харилцан хил дээрээ гал нээсэн үйл явдал энэ долоо хоногт болсон.

Хоёр улсын хил дээрх мөргөлдөөний улмаас Ливаны 21 иргэн амь насаа алдсан гэсэн мэдээлэл байна. Израилын талаас харин гурван хүн амиа алдсан гэж мэдээлсэн.

Түүнчлэн Арабын орнуудад Палестиныг дэмжсэн жагсагчдын хөдөлгөөн эрчимжсэний адилаар өнгөрсөн мягмар гарагаас эхлэн Ливаны нийслэл Бэйрут хотод жагсагчид АНУ болон Францын Элчин сайдын яамдын ойролцоо олноороо цугласан байна.

Эсэргүүцлийн жагсаалын хамрах хүрээ нэмэгдэж, аюул эрсдэл томрохын хэрээр Их Британийн Элчин сайдын яамнаас ард иргэдээ эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа газруудаас холуур явахыг сануулсан байна.

Одоогоор Израил-Ливаны хил дээрх мөргөлдөөн түр намжсан байдалтай байгаа. Гэхдээ "Хезбола" бүлгийн зүгээс шаардлагатай бол Израил руу гал нээхэд бэлэн гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

АНУ-ын зүгээс Израил-Хамасын дайныг бүс нутагт өргөжин тэлэхээс сэргийлж, Израилыг "Хезбола" бүлэг рүү гал нээхгүй байх хүсэлтээ илэрхийлсээр байна.

Мөн пүрэв гарагт Ирак улсад байрлах АНУ-ын агаарын хүчний бааз руу пуужин болон дроны довтолгоо ирсэн.

Пентагоны зүгээс энэ дайралтыг Йемен улсын зүгээс хийсэн гэж мэдээлсэн. Энэ довтолгоо АНУ-ын цэргийн баазыг биш, Израилыг онилж байсан болов уу гэсэн дүгнэлтийг мөн танилцуулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улс орнууд Ливан улсыг нэн даруй орхин явахыг иргэддээ анхааруулж байна  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй