
Одоогоос 21 жилийн өмнө Испанийн Канарын арлуудын ойролцоо хэдэн арван хошуут халим эрэг дээр гарч ирж үхсэн байсныг эрдэмтэд олж, яагаад ингэж олноороо үрэгдсэн болохыг судалж эхэлсэн байдаг.
Анхандаа далайн усанд хаясан химийн хаягдлаас хордсон уу, эсвэл тэнгисийн цэргүүд үй олноор нь устгаад байна уу гэх таамаглалуудыг дэвшүүлж байсан ч хожмоо далайн усан дахь дуу чимээний бохирдлоос үүдэж далайн амьтад олноороо үрэгдэж байгааг олж илрүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд далайн усны дуу чимээний бохирдол улам нэмэгдэж байгаа. Энэ талаар олон улсын эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн судалгааны тайлантай танилцацгаая.
Анх далайн усны дуу чимээний бохирдлыг шинжилж байх үед үрэгдсэн амьтдын бие махбодод онцгой өөрчлөлт ажиглагдсан нь тархи, зүрх, судсанд нь маш их хэмжээний хийн бөмбөлгүүд үүссэнээс дотуур цус алдаж үхсэн болохыг тогтоосон байна.
Үүнийг анагаах ухаанд хуурай газрын амьтад усанд хэт гүн шумбахад үүсдэг асуудал гэж эрдэмтэд тайлбарладаг.
Гэтэл далайн хөхтөн амьтан хэдэн сая жилийн турш гүн рүү шумбаж дадсан хэрнээ ийм байдлаар үрэгдсэн нь анхаарал татсан байна. Шалтгааныг нь хайтал далайн сонар төхөөрөмж буюу далайн усан дахь амьд болон амьгүй биетүүд, далайн гүний чичирхийлэл, байлдааны шумбагч зэргийг алсаас хүлээн авч мэдэх зориулалттай хэт авианы төхөөрөмжийн байнгын давтамжит дохионоос дөлж зугтахдаа огцом гүн рүү шумбаж, дотуур цус алддаг байсан байна.
Өөрөөр хэлбэл, хүний бүтээсэн иймэрхүү зохиомол дуу чимээтэй төхөөрөмжүүд далайн усыг чимээгээр бохирдуулж байдаг юм байна.
Энэ явдлаас хойш Канарын арлуудын усанд ийм цэргийн сонар хүлээн авах төхөөрөмж ажиллуулахыг хориглосон шийдвэрийг Испани улс гаргаж байсан. Гэхдээ одоо ч дэлхийн өнцөг булан бүрт энэ төхөөрөмжийг ашигласаар байна.
Сонар төхөөрөмж нь далайн усны дуу чимээний бохирдлыг үүсгэж байгаа ганц зүйл биш. Европ тивийн ойр орчмын тэнгис далайд 2014-2019 оны хооронд далайн усны дуу чимээний бохирдол хоёр дахин нэмэгдсэн. Үүнд нөлөөлж байгаа нэг том хүчин зүйл нь ачаа тээврийн хөлөг онгоцууд юм байна.
Далайн тээвэр дэлхийн нийт худалдааны 90 хувийг дангаараа бүрдүүлдэг. Сүүлийн 50 жилийн хугацаанд усан тээврийн томоохон маршрутуудыг дагаад далайн усны дуу чимээ 32 дахин нэмэгдсэн гэсэн тооцоолол байна.
Мөн Хар тэнгист дуу чимээний бохирдол эрс нэмэгдсэнд Орос улсын Украин руу явуулж байгаа цэргийн үйл ажиллагаа, тэнгисийн гүний тэсрэлт, дэлбэрэлт нөлөөлж байгаа гэж Туркийн Тэнгисийн судалгааны байгууллага мэдээлж байсан байна.
Хар тэнгист сүүлийн нэг жил дуу чимээний бохирдлын улмаас 900 гаруй далайн хөхтөн амьтан үрэгдсэн гэсэн тоо баримт байна. Түүнчлэн далайн гүнээс газрын тос олборлогч цооногууд, газрын тос, байгалийн хий илрүүлэгч олон давтамжит чичиргээний төхөөрөмжүүд, далайн дунд байрлуулсан салхины цахилгаан станцууд, далай тэнгист явуулдаг цэргийн үйл ажиллагаанууд дуу чимээний бохирдлыг улам нэмэгдүүлж байгаа юм.
Дуу чимээний бохирдолд голдуу далайн хөхтөн амьтад өртдөг. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар хөхтөн биш далайн өөр 150 зүйлийн амьтан дуу чимээний бохирдолд өртөж байна гэдгийг олж илрүүлсэн байна.
Далайн усан дахь дуу чимээний бохирдол жил ирэх тутам нэмэгдсээр байна | ||
Үзсэн: 1476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.