Шууд Chart

Газа хотын эмнэлгийн нөөц хангамж дуусаж байна

2023-10-23 16:13:12

Өнгөрсөн шөнө Газын зурвасын хувьд хамгийн их цус асгарсан шөнө болж өнгөрлөө гэдгийг олон улсын хэвлэлээр мэдээлж байна. Газын зурвасын өнцөг булан бүрд, тусламж ирэх Рафа боомтын ойр орчимд Палестинчуудын оршин суудаг Иордан голын баруун эрэгт Израил тасралтгүй довтолсоор байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд 400 хүн Газын бүсэд амиа алдлаа. Палестины Вафа агентлагийн мэдээлж байгаагаар Израилын дайралтуудын ихэнх нь энгийн иргэдийн орон байр, эмнэлгүүдийн ойролцоо ирж байгаа юм. Агаараас тасралтгүй бөмбөгдөж байгаа энэ цаг үед ар араасаа цуван ирж байгаа гэмтэж бэртсэн хүмүүсийг байрлуулж, анхны тусламж үзүүлэх нөөц хангамж дуусаж байна гэдгийг Газ хотын эмч нар мэдэгдэж байна.

Газа хотын эрүүл мэндийн яамны зарласан мэдээллээр өнгөрсөн хугацаанд Израил-Хамасын дайнд өртөж амиа алдсан хүний тоо 4651-т хүрсэн байна. Үүнээс 1873 нь хүүхэд, 1101 эмэгтэй, 1677 эрэгтэй амь үрэгджээ. Мөн дүрвэн очвол аюулгүй гэж Израилын зүгээс сануулсан Газын бүсийн өмнөд хэсэгт Израилын дайралтад өртөж 839 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байна. Одоогоор эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй гэмтэж бэртсэн 14 мянга орчим хүн байна. Эдгээр хүнд анхны тусламж үзүүлэх боолт, зүүлт, чиг тавьж боох мод зэрэг анхан шатны хэрэглэгдэхүүнүүд дуусаж байгааг саяхан бөмбөгдөлтөд өртсөн Аль Шифа эмнэлгийн эмч нар мэдээлсэн байна.

Мөн эрчимт эмчилгээ шаардлагатай байгаа өвчтөнүүдэд амин чухал цахилгаан эрчим хүч дуусаж байгааг хэллээ. Өнгөрсөн хугацаанд Израил улс Газын зурвасыг тог цахилгаан, түлшээр хангахаа болиход Газ хотын эмнэлгүүд генератораар ажиллаж байсан юм. Түүнчлэн Египетийн Рафа боомтоор хүмүүнлэгийн тусламж, эмнэлгийн түргэн тусламжийн хэрэгслүүд ачсан эхний 20 машин нэвтэрсний дараагаар өнөө өглөө дахин 14 машин нэвтэрлээ. Тусламжууд бага багаар орж ирж байгаа ч Газын зурвасын хүнд нөхцөлд маш бага үр нөлөөтэй байгааг тус бүсэд ажиллаж байгаа хүмүүнлэгийн байгууллагын эмч нар хэлж байна.

Лео Канс хүмүүнлэгийн ажилтан "Хорин хэдэн машин тусламж гэдэг бол далайд дусал мэт нэмэртэй ч үнэндээ эндхийн хүмүүсийг хангаж хүрэлцэхгүй байна. Энд уух ус алга. Ууж байгаа усных нь 90 хувь нь давстай ус. Усны дутагдлаас болж өвчин эмгэг нэмэгдэж байна. Хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвдөж байна. Эмнэлэгт өвчин намдаагч алга. Шаардлагатай мэс ажилбаруудыг өвчин намдаагчгүй хийж байна. Агаарын бөмбөгдөлтөд өртөж түлэгдсэн хүүхдүүд олноор ирж байна. Ихэнх нь 60 хувийн түлэгдэлтэй. Антибиотик алга. Боолт ч алга. Энд өдөрт хэдэн зуун эмэгтэй төрж байна. Зориулалтын бус газар төрүүлэхээс өөр аргагүй байна. Өөр бусад өвчтэй хүмүүсийг ярих ч хэрэггүй" хэмээлээ.

Одоо газын зурваст ажиллаж байгаа хүмүүнлэгийн байгууллагынхны хүсэж байгаа зүйл нь эмнэлгийн хангамжаас гадна Рафа боомт дээр орж ирэхээр дугаарлаж байгаа хүмүүнлэгийн ажилчдын нэмэлт хүчийг дотогшоо нэвтрүүлэх юм байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийг Газаас гаргах боломжгүй тул нэмэлт хүн хүч хэрэгтэй байгааг дурдсан юм. Мөн энд ажиллаж байгаа хүмүүнлэгийн, эмнэлгийн ажилчдын аюулгүй байдал нэн чухал байгааг дурдаж байлаа. Гэвч хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Израилын бөмбөгдөлт үргэлжилсээр байна. Тусламж орж ирэх Рафа боомтыг Израилын агаарын хүч бөмбөгдөж, одоогоор 29 хүн амь үрэгдсэн гэсэн мэдээлэл байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газа хотын эмнэлгийн нөөц хангамж дуусаж байна   
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй