Шууд Chart

БНХАУ Австралийн дарсанд тогтоосон гаалийн татвараа эргэн харахаар болжээ

2023-10-24 10:39:15

БНХАУ 2020 онд Австралийн дарсанд 218 хүртэлх хувийн гаалийн татвар ноогдуулснаар Австралийн Холбооны улсын экспортын гол зах зээл нь хаагдаад байсан. Хятад улс Австралийн дарсанд тогтоосон гаалийн энэ өндөр татвараа эргэн харахаар Канберратай тохиролцоонд хүрчээ. Энэ хүрээнд Австралийн тал Дэлхийн худалдааны байгууллагад гаргасан гомдлоо эргүүлэн татаж, ерөнхий сайд Антони Албаниз ирэх сарын эхээр Бээжинд айлчлахаар төлөвлөжээ.

Энэхүү айлчлал хэрэгжсэнээр Албаниз сүүлийн 7 жилийн хугацаанд Хятадад айлчилсан Австралийн анхны ерөнхий сайд болох юм. Австралийн засгийн газрын тэргүүн АНУ-д айлчлахынхаа өмнө 11-р сарын 4-7-ны хооронд Бээжинд Хятадын дарга болон төрийн зөвлөлийн ерөнхий сайд нартай уулзаж, Шанхай хотноо олон улсын импортын үзэсгэлэнд оролцох юм байна. Тэрээр худалдааны харилцаанд тээг болж байгаа асуудлуудын нэг дарсны импортод тогтоосон татварыг чөлөөлөхөөр Хятадын талтай маш чухал тохиролцоонд хүрлээ. Манай экспортын зах зээлийн хамгийн чухал түншийн нэг бол Хятад улс. Хятадын зах зээлд гаргадаг дарсны худалдаа Австралийн экспортлогчдод 1 тэрбум австрали долларын орлого оруулдаг. Хятадтай хийдэг худалдаа Өмнөд Солонгос, Япон, Америк гуравтай хийдэг худалдаанаас илүү том байр суурь эзэлдэг, ойрын хэдэн сард Хятадын тал дарсанд тавьсан өндөр татварыг арилгахаар ажиллахаар болсон бид ч ДХБ-д гаргасан гомдлоо эргүүлэн татаж байна гэж хоёр талын худалдааны ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Хятадын засгийн газар ч мөн Австралитай эдийн засаг, худалдааны харилцаагаа тогтвортой, эрүүл орчинд хөгжүүлэхийг зорьж байгаагаа мэдэгджээ.

Австралийн ерөнхий сайдын Хятадад хийх айлчлал, дарстай холбоотой маргаанд Хятад буулт хийх төлөв гарч байгаа зэрэг нь Албанизын зүүн төвийн үзэлтэй Хөдөлмөрийн нам өнгөрсөн оны сонгуулиар 9 жил засагласан консерватив намыг ялж, төрийн эрх авснаас хойш хоёр орны харилцаанд гарч байгаа эерэг үр дүнг харуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Австралийн дарсанд тогтоосон гаалийн татвараа эргэн харахаар болжээ   
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй