Шууд Chart

Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ын болон Филиппин улсын усан онгоц мөргөлджээ

2023-10-25 10:56:31

Өнгөрсөн Ням гарагт Өмнөд Хятадын тэнгист Хятадын эргийн харуулын онгоц Филиппиний хангамжийн усан онгоцыг мөргөсөн хэрэг гарсан байна. Ерөнхийдөө байнгын газар нутгийн маргаантай байдаг энэ тэнгист анх удаа усан онгоцнууд нэг нэгнээ мөргөж байгаа нь маргаан нэлээд хурцдаж байгааг харуулж байна гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Филиппин болон тэдний холбоотон АНУ энэ хэргийг Хятадын талаас албаар үйлдсэн, олон улсын дэг журмыг зөрчсөн үйлдэл гэж харж байгаагаа илэрхийлсэн бол Хятадын талаас тэнгис далайн өөрийн мэдлийн бүсэд аюулгүй байдлаа хамгаалж байсан гэсэн тайлбар өгсөн байна.

Энэ хэрэг Өмнөд Хятадын тэнгисийн дунд орших Филиппиний мэдлийн бүсэд хамаардаг Second Thomas Shoal гэх гүехэн устай шүрэн арлын ойролцоо болсон байна. Яг энэ шүрэн арлын ойролцоо Дэлхийн 2-р дайны үед аялж байсан Филиппиний Сиера Мадре гэх байлдааны хөлөг онгоцны үлдэгдэл оршдог. Энэ онгоцыг Филиппин Өмнөд Хятадын тэнгис дэх өөрийн харьяаны усыг харж хамгаалах зорилгоор цэргийн бааз суурь болгон ашигладаг байна. Уг цэргийн бааз руугаа хангамж нийлүүлэхээр явж байсан усан онгоцыг Хятадын эргийн харуулын онгоц мөргөсөн гэж Манилагийн зүгээс тайлбарлаж байгаа юм. Манилагийн зүгээс Даваа гарагт Хятадын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг дуудаж уулзан, олон улсын хуулиар Филиппиний мэдлийн гэж тогтоож өгсөн тэнгисийн усанд хангамжийн хөлөг онгоцыг нь мөргөж, заналхийлсэн хэрэгт туйлын тааламжгүй байгаагаа илэрхийлсэн байна. Үүний хариуд Хятадын гадаад хэргийн яамнаас Филиппиний хангамжийн усан онгоц Өмнөд Хятадын тэнгис дэх өөрийн мэдлийн хэсгээс давж, Хятадын мэдлийн Рэн Ай Жяо бүсэд нэвтэрсэн тул эргийн харуул аюулгүй байдлыг сахих үүднээс хариу арга хэмжээ авсан гэсэн тайлбарыг өгсөн юм. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаант асуудал дан ганц энэ хэргээр илэрч байгаа биш юм. Өнгөрсөн 8-р сард Хятадын эргийн харуулын хоёр онгоц Филиппиний хангамжийн онгоцыг бүслэхийг оролдсон хэрэг гарсан. Тэр үед мөн хоёр талаас энэ удаагийнхтай ижил байр суурийг илэрхийлж байсан юм. Ерөнхийдөө Өмнөд Хятадын тэнгист ойр орчмын орнуудын газар нутгийн маргаантай байдал байнга байж ирсэн. Олон улсын далай тэнгисийн хуулиар бол Өмнөд Хятадын тэнгис нь аль ч улсын харьяанд байдаггүй ус. Улс орнууд эргээсээ ойролцоогоор 400 км-ийн дотор эргийн усыг эдийн засгийн өөрсдийн бүс гэж тодорхойлж, хамгаалах эрхтэй. Харин түүнээс цаашилбал олон улсын хуулиар зохицуулагдана.

Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгис нь дэлхийн далайн тээврийн гол урсгалуудын нэг гэдэг утгаараа стратегийн хувьд ач холбогдол өндөр. АНУ гэхэд Зүүн Өмнөд Азийн улс орнуудаас Филиппин улстай стратегийн түнш орон байж, энэ тэнгист цэргийн хамтарсан сургуулилт явуулах зэргээр энэ бүс нутаг дахь нөлөөллөө нэмэгдүүлдэг гэж олон улсын ажиглагчид үздэг. АНУ-ын зүгээс энэ удаагийн усан онгоцны хэргийг Хятад улс олон улсын дэг журмыг зөрчсөн түрэмгий үйлдэл гаргалаа гэж буруутгасан бол Хятадын талаас Филиппин-Хятад хоёр улсын асуудалд АНУ-ыг хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаардсан байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Олон улсын зарим ажиглагчид Хятадыг Өмнөд Хятадын тэнгис дэх АНУ-ын нөлөө өсөн нэмэгдэх тусам үүнийг эсэргүүцэх маягаар Филиппиний тэнгисийн цэргийн хүчтэй мөргөлдөх нь нэмэгдэж байна гэж үзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ын болон Филиппин улсын усан онгоц мөргөлджээ  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй