Шууд Chart

Криптовалют террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлж байгаа эсэхийг шалгаж эхэллээ

2023-10-25 11:06:35

Израил-Хамасын дайн эхэлснээс хойш террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлж байж болох криптовалютын гүйлгээг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Израилын зүгээс Хамас бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэх криптовалютын дансуудыг хаасан бол АНУ-ын хууль тогтоогчид Хамас бүлэглэл болон тэдний хамсаатнуудын криптовалютын хэрэглээг шалгаж илрүүлэхийг засгийн газраасаа шаардсан байна. Тэгвэл энэ криптовалютыг гүйлгээнд хэрхэн ашигладаг, яагаад террорист бүлгүүдтэй хамааралтай гэж олон улсын шинжээчид үздэг.

Энгийн валютыг зөвхөн төв банкнаас гүйлгээнд гаргаж болдог. Харин криптовалютыг хэн ч гүйлгээнд нэвтрүүлж болдог гэдгээрээ ялгаатай. Криптовалютыг гүйлгээнд гаргаж байгаа аккаунтын хаяг нь мөн тодорхой бус байдаг. Өөрөөр хэлбэл, криптовалютыг өгч, авч байгаа талууд хаяг байршил, хэн гэдгээ мэдэгдэх шаардлагагүйгээр гүйлгээ хийж болдог байна. Мөн криптовалютыг хадгалдаг блокчэйн технологи нь дижитал хэлбэрээр ажилладаг банк гэж хэлж болно. Дижиталаар шууд төлбөр төлөх боломжтой гэсэн үг юм. Энэ мэт шинж чанар нь энгийн валюттай харьцуулахад криптовалютыг олон улсын хэмжээнд зохицуулахад төвөгтэй болгодог ч зарим улсуудад криптовалютыг зохицуулах шинэ хууль журмуудыг гаргаж эхэлсэн байна.

Мөнгө угаалт, терроризмын санхүүжилтийг шалгагч Санхүүгийн арга хэмжээ авах тусгай хүч олон улсын байгууллагаас криптовалютыг үндэстэн дамнасан гэмт хэрэгтнүүд, алан хядагчдын санхүүгийн диваажин болох эрсдэлтэй гэж анхааруулсан байна. Криптовалютын гүйлгээг хянах маш хэцүү. Гэхдээ огт боломжгүй гэсэн үг биш юм. Bitcoin, Ethereum зэрэг блокчэйнүүд крипто гүйлгээгээ олон нийтэд байнга зарлаж байх протокол баталсан байна. Ингэснээр эдгээр блокчэйнээр дамжиж гарах криптовалютын гүйлгээг хянах боломжтой болсон гэсэн үг. Хэдийгээр блокчэйнүүд өөрсдөө гүйлгээний тайлангаа гаргадаг болж байгаа ч мөнгө угаалттай тэмцэх судалгааны байгууллагууд аль болох блокчэйний мэдээлэл дээр суурилалгүй, хөндлөнгийн хараат бус шинжээчид хянадаг байхаар ажиллаж байгаа юм байна. Ерөнхийдөө хэн хаанаас шилжүүлсэн, авсныг мэдэх бэрхшээлтэй тул террорист бүлэглэлүүд үүгээр хэр их санхүүжиж байгааг тогтоох хэцүү гэж шинжээчид тайлбарладаг. Алан хядагч, гэмт хэргийн бүлэглэлүүд бэлэн мөнгө эргэлдүүлэх, цаасан дээрх компани байгуулах, буяны байгууллагад хандив өгөх зэргээр санхүүжилтээ янз бүрээр зохицуулдгийн нэг хэлбэр нь л криптовалют гэдгийг мөн онцолж байна.

НҮБ-ын судалгаагаар 2022 онд дэлхий даяарх нийт террорист халдлагын 5 хувийг криптовалют санхүүжүүлж байсан бол өнөөгийн байдлаар энэ тоо 20 хувь болж өссөн гэж таамаглаж байгаа юм байна. Гэхдээ мөн террорист бүлэглэлүүд криптовалютаар санхүүждэг байлаа гээд дэлхий даяар бүх блокчэйнүүд хууль бус үйл ажиллагаатай гэсэн үг биш гэдгийг крипто судлаачид тайлбарлаж байна. Тэдний тайлбарлаж байгаагаар дэлхийн крипто зах зээлийн 1 хүрэхгүй хувь нь л террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн криптовалютыг хууль бусаар ашигладаг фирмүүд дан ганц террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлээд зогсохгүй мансууруулах бодис зэрэг хориотой худалдаанд криптовалютыг ашиглах нь элбэг байдаг гэсэн судалгаа байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Криптовалют террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлж байгаа эсэхийг шалгаж эхэллээ  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй